Өнөөдөр хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-д медалийн эзэд тодорно. Тус жинд манай шилдэг туйванч Мөнхжанцангийн Анхцэцэг хүч үзэх юм. Тус жинд 16 улсын 18 тамирчин өрсөлдөх аж.
М.Анхцэцэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн АШТ-д огцом өргөлтөөр 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн, түрүүлсэн тэрбээр ийнхүү тус тэмцээнд аваргалсан Монголын анхны эмэгтэй туйванч болсон түүхтэй. Анхцэцэг дөнгөж 16-хан насандаа 2014 онд ДАШТ-д хүч үзэж, огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгаран ирээдүйтэй туйванч гэдгээ харуулсан юм.
Өнгөрсөн жил ДАШТ-д хүч үзэхдээ огцомоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдсөн билээ. Энэ мөн түүхэн амжилт манай тамирчдаас ДАШТ-д 10-ын дотор орж, медалийн төлөө хүч үзсэн туйванч гараагүй байсан юм.
Анхцэцэг хүндийг өргөлтөөр 2008 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын дээд амжилтыг 63 удаа шинэчлэн тогтоосон бахдам амжилтын эзэн.
Тэрбээр энэ жил залуучуудын ДАШТ-д түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом өргөлтөөр 115, нийлбэрээр 253 кг өргөж, тус тус мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.
Ирээдүйтэй туйванчдаа их амжилтыг хүсэж, олимпийн тэнгэрт төрийн далбааг мандуулахыг ерөөе.