Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр манай улсаас жүдо хоёр, буудлага хоёр, бокс нэг, хүндийг өргөлт нэг тамирчин хүч сорих юм. Ингээд манай баг тамирчдын дэлгэрэнгүй хуваарийг сонирхуулья.
ЖҮДО
Жүдогийн эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэй 52 кг-д А.Цолмон нар зодоглоно. Монголын цагаар 22.00 цагт эхлэх хоёр дахь өдрийн барилдаанд А.Цолмон АНУ-ын Анжелика Делгадотой учраа таарах юм. Манай жүдоч гурван барилдааны дараа татамид гарах юм. Харин энэ барилдааны дараа залгуулаад Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдоч Хамад Сулаймантай зодоглох билээ.
Жүдогийн дагах барилдаанууд манай цагаар үүрийн 3:30-д болж буй.
БУУДЛАГА:
Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорино. Энэ дасгалын эхний буудлага орой 21.00 цагаас эхлэх бол, шигшээ наймын өрсөлдөөн 23.00 цагаас үргэлжилнэ.
БОКС:
Манай боксчдын салхийг хагалж, 69 кг-д Б.Түвшинбат Аргентиний боксчин Алберто Игнасио Палметтатай нударга зөрүүлнэ. Тэдний тулаан Монголын цагаар 00.00 цагаас эхлэх юм.
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ:
Эрэгтэйчүүдийн 56 кг жингийн туйванчид 22.00 цагаас эхний өргөлтөө хийнэ. Энэ төрөлд манай улсаас Ө.Чагнаадорж оролцох эрх авсан билээ.