"Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг олимпийн чансааг өнгөлсөн учир А хэсгийг толгойлон барилдсан юм. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Францын Л.Пайеттэй учраа таарч, гарт өчих мэхээр цэвэр ялсан юм. Улмаар манай бөх А хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Жеон Бо Кеонтой барилдаж, ялагдлаа. Түүний жинд 23 орны 23 жүдоч өрсөлдөж байна. Манай бөх одоо дагах тойрогт олимпийн аварга Сара Менезестэй барилдана.