Монгол орны нийт нутгаар тэнгэр дулаарахын хэрээр агаар хуурайшин, түймэр гарах нөхцөл бүрдэж байгаа аж. Тиймээс БОНХАЖЯ түймрээс сэргийлэх, хамгаалахаар шуурхай арга хэмжээ авч эхэллээ. БОНХАЖ-ын сайд А/80 тоот тушаал гарган, түймэр дэгдэх эрсдэл өндөртэй 16 аймаг, нийслэлийн ЗДТГ, БОАЖГ, улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд хүргүүлэв.
Үүний зэрэгцээ 21 аймаг дахь үүлэнд зориуд нөлөөлөх 35 экспедиц, газрын 38 генераторыг байнгын бэлэн байдалд оруулсан байна. Түүнчлэн Ус, цаг уур, орчны мэдээлэл судалгааны хүрээлэнгээр сансрын хиймэл дагуулаас өдөр бүр зураг авахуулан, хуурайшилтын зэргийг тогтоож, ОБЕГ болон бусад байгууллагад мэдээлж байна. БОНХАЖЯ тусгай жижүүр гаргасан бол түймэр гарах эрсдэлтэй аймгууд эргүүл ажиллуулж, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулга, санамж өгч байгаа аж.
Энэ сарын 5-ны байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн нийт сум, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнод, Дашбалбар суманд хуурайшилтын III зэрэгт хүрчээ. Энэ нь түймэр гарах аюултай гэсэн үг юм. Он гарсаар улсын хэмжээнд дөрвөн аймгийн есөн суманд 11 удаа ой, хээрийн түймэр гарч, хоёр айлын гэр, хоёр өвөлжөө, 40 бог, 39352 га талбай өртөөд байна.
Б.БАЙГАЛ