Туулын эрэг дагуух карьеруудаас ус шүүрэх нь элбэг бөгөөд
энд тэнд олон шалбааг харагдах аж
Туулын хэвлийг ухсан хэвээр. Хайргаар нь дамжуулж, гүн дэх усыг нь шавхсаар. Дэд бүтцэд хамгийн ойр, зардал бага гэдэг шалтгаанаар Туул голын эргээс элс, хайрга авах гэсэн “дайны” үр дагавар нь энэ. Эцэс төгсгөл нь үл мэдэгдэх уг “дайн” энэ жил ч үргэлжлэх төлөвтэй. Тавдугаар сарын 15-наас л үймээн самуун эхэлж, Биокомбинат, Шувуун фабрикийн иргэд төдийгүй, тэр хэсгийн зам ч амар заяагаа үзэхээ болино.
Хайрга олборлогч компаниуд Туулын эрэг дээр тусгай зөвшөөрөл авах сонирхолтой. Голын эргийг ухвал 1-2 метрийн гүнээс хайрга гарна, 500 метрээс холдчихвол 5-6 метр гүн ухах шаардлага тулгардаг учир зардлаа хэмнэхийн тулд тэд Туулын сав руу улайран дайрсаар.
Биокомбинат, Шувуун фабрик орчим албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг буюу Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбоонд бүртгэлтэй 60 гаруй компани бий гэнэ. Үүнээс гадна холбоонд бүртгүүлээгүй 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо ч байна. Нэг компани ойролцоогоор хэдий хэмжээний газартай нь тодорхойгүй.
Гэхдээ иргэдийн хэлж буйгаар 50, 70, 100 га газартай байх нь элбэг аж. “Хамгийн багадаа 20 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа болов уу” гэсэн юм. Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн Г.Бадам “Энэ хавийн айлуудын олонх нь малтай. Гэтэл мал бэлчээх газрыг ухаж сэндийчээд, нүх үлдээчихлээ. Ийм явдал сүүлийн гурван жилд даамжрав. Тоос шороо ч их байна” гэлээ.
ШҮҮРСЭН УС
Төв цэвэрлэх байгууламжаас ирж буй бохир тэртэй тэргүй л Туул голыг “дарамталж” байгаа. Энэ хэсэгт бол бохир ч, гол нь ч мэдэгдэхгүй, хар “юм” л урсана. Гол тасарсан ч үзэгдэхгүй. Бохир нь гүйгээд байна уу, ус урсаад байна уу гэдгийг ялгах аргагүй.
Гэтэл хажуухан талаас нь хайрга авахаар газар ухахад цэвэрхэн ус шүүрч байна. Гүний ус дээшлээд байгаа хэрэг. Хүний арьсыг шалбалахад цус гардагтай адил хайргыг нь авчихаар гүний ус их хэмжээгээр гадагшилчихаж буй аж. Манайхан шүүрсэн усыг ашиглах нь байтугай, бодож ч амжаагүй байхад шүү дээ.
Туулын эрэг дагуух карьеруудаас ус шүүрэх нь элбэг бөгөөд энд тэнд олон шалбааг харагдах аж. Өнгөрсөн хавар бол үүнээс олон байжээ. Ууршиж, ширгэсээр үлдсэн хэд нь өвөл хөлдөөд өдгөө хайлж эхэлж байна. Ундны ус хомс гэдгээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг манай орон газрын гүн дэх усаа гамнаж, аль болох удаан хадгалах ёстой атал ингэж үрж буй.
ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ СОЙЧИХОЖ
Хайрганы олборлолт өдгөө хараахан эхлээгүй, компаниуд техник, хэрэгслээ бэлдэж буй бололтой. Хаа сайгүй том оврын машин үзэгдэх ч хаана ямар компани хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус юм. Уг нь аж ахуйн нэгж олборлож буй газартаа нэр хаягаа байршуулах учиртай баймаар. Гэхдээ компаниуд далд ажиллах сонирхолтой бололтой. Ямар нэгэн асуудал гаргасан, нөхөн сэргээлт хийхгүй байлаа ч тэр компани гэхгүй, зөвхөн “компаниуд” гэсэн ерөнхий нэр л яригдах учраас тэр.
Үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болчихсон болов уу гэмээр техник хэрэгслээ сойчихсон нэг компанийн талбайд очлоо. Нэр нь “Их Монгол шувуу” гэнэ. Гэхдээ тэнд манаачаас өөр хүн алга. Түүний хэлснээр тус компани энэ хэсэгт 10 гаруй жил болжээ. Хэдийд олборлолт явуулах талаар асуусан ч “Мэргэжлийн хүн биш. Мэдэхгүй” гэсэн юм.
Иргэдийн төлөөллийг багтаасан Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөнийхөн хайрга олборлолттой тэмцсээр багагүй хугацаа өнгөрч байна. Тус хөдөлгөөний зохицуулагч Б.Жагараас өдгөө байдал ямар байгааг тодруулахад “Шувуун фабрикийн 70 га газрыг 2007 онд солонгосчууд авчихаад 2011 оны үед нэг компанид зарсан. Тэр компани нь дахиад өөр нэг аж ахуйн нэгжид дамлан худалдсан байдаг юм. Хамгийн сүүлд авчихаад буй компани нь “Ар бөхөг”. Тус компани өнгөрсөн жил олборлолт хийх гэхэд нь иргэд ухуулаагүй.
Энэ мэтээр лиценз дамлан худалдах явдал элбэг. 70 га газрыг 300 гаруй сая төгрөгөөр авсан гэдэг юм билээ. Ер нь 100 га талбай нь тэрбум төгрөг хүрдэг гэсэн. Байршлаас шалтгаална. Туул голын эрэгтэй ойр байвал илүү үнэд хүрнэ. Хол байвал арай хямд. Авсан компанид учир нь байгаа юм биш. Машин худалдаж авсан хүн гэмт хэрэгтэн болчихгүй биз дээ.
Түүнтэй адил худалдаж авсан нь биш, Туул голын эрэгт лиценз өгсөн албан тушаалтнуудын буруу. Сүүлийн үед ухаж байгаа газрууд голдуу Туулын хамгаалалтын бүсэд халдаж байна. Ухаж болохгүй гэсэн шаардлага тавьсан ч улайран дайраад байвал холбогдох газруудад нь мэдэгдэх арга хэмжээ авдаг” гэлээ.
НӨХӨН СЭРГЭЭЛТГҮЙ
Улаанбаатарт хайрга, дайрга хэрэгтэй нь үнэн. Тэр нь Туулын эрэг дагуу байна. Хамгийн гол нь компаниуд ухсан газраа нөхөн сэргээхгүй байгаа нь асуудал дагуулж буй юм. Нийт компанийн таван хувь нь л сэндийчсэн газраа нөхөн сэргээж, бусад нь хэлбэр төдий, шалгалт ирэх сургаар хэдхэн мод суулгадаг гэнэ. Мэргэжлийн байгууллага манайд олон бий ч олборлогч аж ахуйн нэгжүүд тэднээр хийлгэхийг хүсдэггүй аж. Зардал өндөр гарах учраас тэр. Үүний оронд өөрсдөө бургас худалдаж аваад суулгачихвал нэг талаас тарьчихсан харагдана, нөгөө талаас бага мөнгө зарцуулж буй юм.
Биокомбинат, Шувуун фабрик орчим хайрга, дайрга олборлож буй компаниуд гэхээр л хүмүүс “Тэд чинь 10 гаруй жил болж байгаа биз дээ” гэж тодорхойлно. Харин газар дээрээ 10 жилийн өмнө байтугай нэг жилийн өмнө нөхөн сэргээлт хийчихээд үр дүнд хүргэчихсэн газар харагдсангүй. Уг нь тэнд үйл ажиллагаа явуулдаг компанийнханд сэтгэл л байвал нөхөн сэргээлт хийх тун амархан юм билээ. Ухсан талбайтай нь зэрэгцээд л иргэдийн байгуулсан мод үржүүлгийн газар цөөнгүй харагдаж байсан.
Ббадядаж л “Их дэлгэр мөрөн” гээд нэр, хаягаа хадчихсан компанийн талбайд очиж, нөхөн сэргээлт хийсэн, эсэхийг нь тодрууллаа. Уурхайн дарга Ж.Наранбаатар “Энэ жилийн ажил эхлээгүй, хэдийд эхлэх нь тодорхойгүй байна. Манайх 2010 оноос ажиллаж буй. Нийт 27 га талбайтайгаас одоогоор (ажиллаж эхэлснээс хойш) 11.5 га-г нь нөхөн сэргээгээд байна. Долдугаар сар гаргахад тэр чигтээ ногоон болчихно. 500 орчим улиас тарьсан. Өнгөрсөн жилүүдэд нөхөн сэргээсэн талбайгаа хүлээлгээд өгчихсөн. Бичиг баримт нь бий, үзэж болно” гэсэн юм.
Нөхөн сэргээхдээ мэргэжлийн байгууллагад ханддаг, эсэхийг лавлахад тэрбээр “Холбогдох байгууллагуудаас нөхөн сэргээлт хий гэж шаарддаг ч заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэ гэдэггүй. Манайх бол “Цэцэрлэгжүүлэлт” компаниас шаардлагатай үр, бут, сөөгөө авч, өөрсдөө нөхөн сэргээдэг. 2011 онд олборлолт эхэлснээс хойш улсад 300 орчим сая төгрөгийн татвар төлсөн. Яг үнэндээ манайх шиг 11.5 га талбайг нөхөн сэргээсэн компани байхгүй” гэв.
“ЭД НАРТАЙ ТЭМЦЭХГҮЙ БОЛ ЭЦЭСТЭЭ ОВООЛСОН ШОРООТОЙ Л ҮЛДЭНЭ”
Энэ бол тус хэсэгт амьдардаг иргэдийн арга ядсан үг. н.Ванганжалам ингэж ярьсан юм. Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний баруун бүсийн зохицуулагч тэрбээр “Төр, засгаас иргэдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туулаа хамгаалах талаар арга хэмжээ авахгүй байна. Манай хөдөлгөөнийхөн Туул гол хэр бохирдож буйг холбогдох хүмүүст нь дуулгах, түүний төлөө тэмцэх зорилготой. Өнгөрсөн өвөл гол хөлдсөнгүй.
Хүн харахад урсгал сайтай, өргөн харагдаж байгаа боловч, өмхий үнэртэй бохир урсаж байна. Үүнээс гадна хайрга, дайрга олборлогчид газрын хөрсийг эргүүлэн, гүний усыг ил гаргаж, ундны усны нөөц багассаар. 2014 онд тавьсан шинэ замаар том оврын машинаар өдөр шөнөгүй холхиж, элс, хайрга хот руу ачсанаас эвдэрч, нөхөөд эхэлсэн. Энэ мэтээр иргэдийн амьдрах орчинд халдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна” гэлээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг айлуудаас тодорхой хэмжээний зайтай олгохоор хуульчилсан ч энэ хэсэгт уг заалт үйлчилдэггүй. Ихэнх айл хайрга, дайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн талбайгаас 300 хүрэхгүй метр зайтай. Биокомбинат, Шувуун фабрикийн газрын 60-70 хувь нь лицензтэй. Үүний олонх нь ухчихаад хаяад явсан нүх.
Айлаас 100-200 метр хүрэхгүй зайд, хаяаг нь дэрлээд хайрга олборлож буй компани ч байх аж. “Холбогдох газрууд нь тухайн бүс нутгийн нийт хүн амын 51 хувиас зөвшөөрөл авсныг үндэслэж иргэн, аж ахуйн нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгодог болооч ээ” гэсэн шаардлагыг тэндхийн иргэд уламжлахыг хүслээ.
Ч.МӨНХЗУЛ