Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг Наран сумын хоёрдугаар баг “Бага-уул Арын гуу” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг ОБГ-ын албан хаагчид нэг хоног ажилласны үр дүнд галыг бүрэн унтраалаа.
Он гарсаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна.
Дээрх түймэрт 2 га ой, 39.350 га хээр, нийт 39.352 га талбай өртжээ.
Тиймээс хаврын хуурайшилт эрчимжиж байгаа энэ үед түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.