Германд уран бүтээлээ туурвидаг, морин хуурч, лимбэчин Д.Энхжаргалтай цахимаар холбогдож, ярилцлаа.
-“Википедиа” толиос таны тухай мэдээлэл хайхад алдарт хуурч Жамъянгийн шавь гэсэн байна.
-12 настайдаа Жамъян хуурчийн шавь Ё.Батбаяр багшаар анх морин хуур заалгасан. Тэр үед хүүхдүүдийн чадварыг 2-5 оноогоор үнэлдэг байсан юм. Ё.Батбаяр багшаар дөрвөн жил морин хуур заалгах хугацаандаа хэчнээн сайн тоглосон ч гэсэн дөрвөн оноо л авдаг байлаа. Харин Жамъян багшийн шавь болсноос хойш таван оноо авч эхэлсэн. Ардын жүжигчний шавь болоход дүн нь хүртэл автоматаар дээшилдэг бичигдээгүй хууль үйлчилжээ. Алдартай багш нарын шавиас нь илүү тоглоод байхад л дүн дардаг шударга бус зүйл тэр үед байжээ. Одоо бодох нь ээ, энэ нь олон хүүхдийн урмыг хугалдаг байсан биз. Монголын сор болсон цөөхөн хуурчийн нэг Ё.Батбаяр багшийнхаа хуурдахыг ангайн биширдэг байсан шавь нь яг тэр үеийнх шигээ түүнээс суралцахыг хүсэж байна. Танай ярилцлагаар дамжуулж багшдаа баярлаж явдгаа хэлье.
-Германчуудыг нэлээд үндсэрхэг үзэлтэй гэдэг. Гадаадад, тэр дундаа Германд уран бүтээлээ туурвиж, ажиллаж амьдрахын бэрхшээлтэй тал юу вэ?
-Үндсэрхэг үзэл сайн зүйл биш. Алгын чинээ дэлхий дээр олон хуваагдах нь хүн төрөлхтний сэтгэхүйн ядуурал юм болов уу. Гадаадад, Германд уран бүтээлээ хийхийн бэрхшээлтэй тал байлгүй яах вэ. Угаасаа амьдралд сайхан нь ч, хэцүү нь ч бий. Миний танил герман, франц хөгжимчид “Хамт тоглох боломж гарвал хэзээд залгаарай” гэдэг. Үүнээс үзэхэд тоглолт хийх нь амаргүй, хөгжимчний амьдрал хэцүү гэдэг нь мэдрэгдэх байх. Гэхдээ шоу нэвтрүүлэг, хөгжмийг зүгээр л зугаа болгох арга хэмжээнд оролц гээд тэдэнд их мөнгө амлавал үгүй л гэдэг. Хөгжим гэдэг үнэ цэнэтэй, тансаг, гүн ухаан болохоос биш, зугаа цэнгэлийн тоглоом биш.
-Олон гадаад хөгжимчинтэй хамтран уран бүтээл хийж байсан юм билээ. Сэтгэлгээ, ёс заншил ондоо хүмүүс өөрсдийн ардын хөгжмийг нийцүүлэн тоглохын тулд юу шаардлагатай байдаг вэ?
-Хөгжим бол сонгодог, жааз, рок гээд л олон салбарлах хязгааргүй ертөнц юм. Орон орны ардын хөгжим бол амьд, хөндөгдөөгүй, хиймэл зохиол оролцуулаагүй, хамгийн ариун байдаг. Тухайн улсын байгалиас гарах дуу чимээнээс ардын хөгжим үүсдэгтэй энэ нь холбоотой байх. Ардын хөгжмийн тэр эмзэг амин сүнсийг эвдэлгүйгээр тоглож сураад, дараа нь найруулна гэдэг торгон мэдрэмж шаардана. Хэдхэн аккорд дээр аялгуу тоглодог поп хөгжим шиг хялбар биш. Тухайлбал, Шинэ Зеландын зургаан цохилуур хөгжимчин болон Энэтхэгийн табла, Индонезийн гэнданг хөгжимчинтэй хамтран тоглоход хөгжмийн түүхэнд сонсогдож байгаагүй дуу авианы хослол эгшиглэдэг. Ритм нь ч гайхамшигтай. Өдгөө дэлхийд жааз хөгжим эрин үеэ өнгөрөөсөн. Одоо олон ардын хөгжим хослуулсан world music гэх шинэ төрлийн үе ид ирж байна.
-Монгол аялгууг өөр хөгжмийн зэмсгээр тоглож байгаа гадаадууд дотроо юу мэдэрч, боддог бол гэдэг сонирхолтой санагдлаа. Та тэдэнд чиглэл өгдөг үү, эсвэл өөрсдөө мэдрэмжээ дагадаг уу?
-Гаднынхан монгол аялгууг хурдан сурдаг. Гэхдээ гүйцэтгэл нь сайн байсан ч тэдний хэрэглэж буй хөгжмийн зэмсгүүд Монголынх биш учир манай аялгуу дуугарахгүй. Олон орны хөгжимчинтэй хамтрахад тэдэнд зааж өгөх шаардлага гардаг.
-Монголд, гадаадад тоглохын ялгаа юу вэ?
-Энд бол байнга урилгаар тоглодог учир өөрөө зохион байгуулах шаардлагагүй. Долоон жилийн өмнө би Герман, Энэтхэгийн хөгжимчдийг Монголд урьж хамтран тоглохдоо ялгааг нь мэдэрсэн. Тэр тоглолтоо хийхдээ өөрөөсөө 13 сая төгрөг гаргаж, Улсын филармонийн танхимыг 600 мянган төгрөгөөр хоёр цаг түрээсэлсэн юм. Тэгтэл герман хөгжимчин надаас ариун цэврийн цаас асуусан. Нэгэнт танхимаа түрээсэлж байж, ядаж ариун цэврийн цаас тавьчихаагүйгээс нь болж, санаанд оромгүй жижиг асуудалд нүүр улайсан шүү. Микрофон хэрэгсэл хангалтгүй, тоглолт хийхэд боломжгүй санагдсан. Энд тоглоход тухайн урьсан хөгжмийн нийгэмлэг, театр нь тээвэр, буудал, хоол, цалинг хариуцаж, сайхан үйлчилдэг нь хөгжимчний ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
-Гадаадад Монголынхоо нэрийг гаргаж яваа хүмүүсээ монголчууд тэр бүр мэддэггүй. Тухайлбал, Ариунбаатарын Билгүүн гэх залуу Польшийн телевизийн шоуны хөтлөгчөөр ажилладаг, тэндээ нэлээд алдартай юм билээ. Танд гадаад үзэгчид болон монгол сонсогчдын алга ташилт, магтаалын аль нь илүү үнэ цэнэтэй вэ?
-Гадаадад амжилттай яваа хүмүүсээ монголчууд тэр бүр таньдаггүй гэв үү. Танай сайтын ачаар одоо танил болж байгаадаа баяртай байна. Гадаад, дотоодын үзэгчдийн алга ташилтын цэнэ үнэ ялгаагүй гэж бодож байна. Европын сонин хэвлэлүүдэд өчнөөн магтуулж байлаа. Өөртэйгөө холбоотой мэдээллийн хайчилбарыг цуглуулдаг байгаад сүүлд багтахаа больсон. Ийн асуухад тань нэг явдал санаанд орлоо. СУИС-д суралцаж байхдаа бичсэн морин хуурын “Quintett” зохиолоо 1992 онд МҮОНТ-д бичүүлсэн юм. Хэдэн жилийн дараа ардын жүжигчин Батсайхантай Швейцарьт тааралдахад тэр зохиолыг минь сайхан болсон гэж магтсан. Миний сонссон магтаалуудаас хамгийн сайхан нь тэр байсан.
-Тоглолтынхоо оргил үед таны оюун санаа хаана, юу мэдэрдэг вэ?
-Хөгжимчин болсны буянаар дотоод сэтгэл минь диваажинд очдог. Диваажинг хайх хэрэггүй, би диваажинд “амьдардаг” юм.
-Манай урлагийнхнаас таныг түшиж, Европт ажиллаж буй хүмүүс бий юү?
-Хэд хэдэн уран бүтээлч урьж, world music-ийн одод тоглодог, Францын “Theatre de la Villa” театрт хамтарч тоглосон. Тэдний дундаас уртын дуучин Бямбажаргал, морин хуурч Ц.Пүрэвхүү нар өдгөө гавьяат болсон. Германд тоглодог “Сэдаа” хамтлагийнхныг Бельги, Франц дахь тоглолтдоо дагуулж явж байсан. Миний тоглолт давхацсан үед тус хамтлагийн морин хуурч П.Наранбаатар оронд минь ийш, тийш явж тоглодогт баярладаг.
-Хамгийн сүүлд Монголдоо хэзээ очсон бэ. Ямар үед нутгаа санадаг вэ?
-Монголд очилгүй гурван жил болжээ. Швейцарийн Берн хотноо олон төрлийн үзүүлбэр нэгтгэсэн, Эйнштейний нэрэмжит тоглолт 10 жилийн өмнө зохион байгуулахад би оролцсон юм. 10 хоногийн тоглолтын орлого нь толгой эргүүлмээр их байлаа. Тэр үед тус хотын дарга нь надад Швейцарийн иргэн, Бернийн хөгжимчин болох санал тавьсан. Гэхдээ нутгаа санасан сэтгэл минь үгүй л гэж хариулсан. Ийм санал германчуудаас ч бас хэд хэд ярьсан шүү.
-Энэ олон жилийн хугацаанд таны ур чадвар мэдээж өссөн. Гадаад уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь их туршилт, туршлага, хичээл болсон байх. Та тэднээс ямар эрдэм сурч, ойлгож, мэдэрсэн бэ?
-Босоо ятгачин Рудигэр Оппермэн, Болгарын гадулка гэх нумт хөгжмөөр тоглодог Димитар Гуагов, төгөлдөр хуурч Райнер Гранзин, Матиас Фрэй, гитарчин Майкл Хоффман тэргүүтэй олон уран бүтээлчтэй хамтарч байсан. Ямар хөгжмөөр тоглодог хүнтэй хамтрахаас шалтгаалж мэдрэх зүйл ондоо. Тухайлбал, төгөлдөр хуурч Матиас Фрэйтэй тоглоход усны хүрхрээний ойролцоо байх шиг мэдрэмж төрдөг. Түүний хуруу маш хурдтай, тоглох нь чихэнд чимэгтэй, гайхалтай.
-Гадаадын хөгжимчидтэй хамтарч, томоохон театруудад тоглож байсан хүний хувьд Монгол дахь уран бүтээлчдээ хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголд өөр өөрийн онцлог, уран бүтээлтэй ардын урлагийн хамтлаг олон төрсөн нь том үсрэлт. Тэдэнд амжилт хүсье. Үүний далимд хэлэхгүй үлдээж боломгүй хэдэн зүйл бий. Манайхны хэрэглэж байгаа цохилуур хөгжмийн зэмсэгт асуудал байна. Жэмбэ бол морин хуур шиг дэлхийд дархлагдсан Африкийн хөгжмийн зэмсэг. Бид африкчууд шиг гайхалтай тоглож чадахгүй л юм бол түүнийг тоншиж суух нь монголчуудыг олны өмнө инээдэмтэй байдалд оруулна. Ингээд бодохоор энэ хүнд байдлаас яаж гарах вэ гэх асуудал тулгарна. Тувагийн ударь хөгжимчин Алексей Сариглар өөрийн гэсэн хөгжмийн зэмсэг хийж тоглож байгаа нь нүүдэлчин түмний сэтгэхүйд таарахаар оновчтой болсноор түүний хамтлаг амжилтад хүрсэн. Хоёрдугаарт, дэлхийд ганцхан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаа улс, банк, хувь хүмүүс хөрөнгө зарж, анхаарах нь кино хийж, Холливудад гарахаас илүү чухал. Гайхамшигтай аялгуутай энэ чуулгаа нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Энэ нь яагаад кино хийхээс илүү чухал вэ гэвэл сайхан зохиолыг энэ найрал хөгжмөөр тоглоход кино үзсэнээс илүү гоо сайхны таашаалыг хүнд бэлэглэж чадна. Энэ чуулга бол янз бүрийн шоу, бүжиг, жүжгийн хөгжмийг л тоглодог дагалдах хэрэгсэл биш. Дан хөгжмийн зохиолын бүтээлүүд түлхүү тогловол бүр сайн. Үүнийг олон хүнд хүргэхэд мэдээж амаргүй. Гэхдээ яг одооноос бага ангийн хүүхдүүдэд хөгжмийн боловсрол сайн олгож, тоглодог болговол ирээдүйн сонсогчдыг бэлтгэж байгаа хэрэг.
-Та ямар томоохон театруудад тоглож байсан бэ?
-Загварын ертөнцөд өндөр байр суурь эзэлдэг “Хермес” брэндийнхэн Францын Сент-Майкл уулын орой дээрх сүмд өнгөрсөн зургадугаар сарын 19-нд 300 гаруй сэтгүүлч урьсан томоохон үйл ажиллагаа зохион байгуулахад тоглосон. Мөн 7000 гаруй хүн цугласан цэнгэлдэх хүрээлэнд Далай ламд зориулж тоглож байлаа. Берлиний филармони, Фракфуртын “Алтэ опера” гээд л тоглосон газар болон барууны алдартай хөгжмийн наадмуудад оролцсоноо бичвэл урт дараалал болно.