Баянгол дүүргийн нутаг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс гүрэн” компанийнхны барьж байсан барилгын долдугаар давхарт цутгалт хийх гэж байсан “Хьюндай” маркийн 10-38 УНУ улсын дугаартай автопомпын шахуургын хоолой унаж 12 настай Б.Есүгэний амь насыг хохироосон хэрэг 2012 оны есдүгээр сарын 3-нд гарсан. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн нэлээд удаан хугацааны турш шалгасны эцэст уржигдар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх шийдвэрлэлээ.
Барилгын компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг анхан шатны шүүх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэм буруутайд тооцож, Г.Гантөмөр, Б.Дашням нарыг нэг жил зургаан сар, Д.Болдыг хоёр жилийн хугацаагаар хорих, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг 2012 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.04 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Мөн тэдний барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.
Г.РАВЖАА