Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцад төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүү үүсгэн шалгаж, улмаар цагдан хориод байгаа билээ. Тэгвэл энэ сарын 31-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхөө өмөөрсөн мэдэгдэл гаргаж, олныг гайхашруулсан юм. Үүгээр зогсохгүй тэрбээр АТГ-ын шийдвэр болоод холбогдох хууль дүрмийг зөрчиж, Л.Гансүхтэй уулзсан байна. Хэдийгээр Ерөнхий сайд туслахтайгаа биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалд албан бичгээр илгээсэн ч, энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.4-т заасанчлан ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх тул яллагдагч Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” гэсэн мэдэгдлийг АТГ-аас хариу болгон явуулжээ.
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг эл мэдэгдлийг үл тоосноор барахгүй Хууль зүйн сайд Л.Тэмүүжинг дагуулан очиж, “мундагдуулж” байгаад Л.Гансүхтэй хоёр цаг гаруй ярилцжээ. Энэ талаар баасан гаригт АТГ-аас мэдээлэл хийж, Ерөнхий сайдын энэхүү үйлдэлд хариуцлага тооцно, түүнээс мэдүүлэг авна гэж мэдэгдлээ. Түүнчлэн сүүлийн үед тус байгууллагын нэр хүндэд халдсан худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, гаднаас үзүүлэх дарамт шахалт хэрээс хэтэрсэн тухай тэд ярьсан юм. Тэгвэл мөн өдөр Ерөнхий сайдын өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Л.Гансүхийг батлан даалтад гаргаад дөрвөн сар өнгөрч байна. Энэ хугацаанд түүнийг оргон зайлах гэсэн болоод хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байхад ийнхүү баривчилсан нь хууль бус үйл ажиллагаа.
Мөн түүнийг цагдан хоригдсоны маргааш өмгөөлөгч Л.Цэндсүрэн Төв аймаг дахь цагдан хорих байранд очиж уулзах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Энэхүү үйлдэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35.2.8 -д заасан "Сэжигтэн нь өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрх эдэлнэ" гэсэн заалт зөрчсөн” гэж мэдэгдлээ. Н.Алтанхуяаг хэвлэлд нийтэлсэн мэдэгдэлдээ “Засгийн газрын хийсэн ажлын нэр төрийг унагаж, санаатайгаар хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэнэ” гэж дурдсан. Тэмцэх ёстой байгууллага нь АТГ юм бол Засгийн газрын тэргүүн төртэйгээ тэрсэлдэнэ гэсэн үг болж таарах нь. АТГ болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын дунд үүссэн энэ зөрчил цаашид хэрхэн өрнөж, юу болох бол.
М.Тэргэл