“Хаан жимс” амралтын газрынхан Туул голын тусгай хамгаалалтын бүсэд бохир усаа хаяж буйг сурвалжилсан нийтлэл хэвлүүлснийхээ төлөө Amjilt. com сайт энэ сарын 4-нд хаагдсан. Тус сайтынхан Харилцаа холбооны зохицуулах хороог Захиргааны хэргийн шүүхэд өгсөн тухайгаа өчигдөр мэдээллээ.
Тус хорооноос сайтыг хаах тухай ямар нэгэн албан бичиг явуулаагүй бөгөөд утсаар “Сурвалжлагын чинь дагуу “Хаан жимс” амралтын газраас гомдол ирсэн. Тиймээс залруулга гаргаж өг. Үгүй бол танай сайтыг хаана” гэсэн байна. Гэвч шаардлагыг нь хүлээж аваагүй тул ийнхүү үйл ажиллагааг нь зогсоожээ.
Сар орчмын хугацаанд ажил нь зогсонги байдалд байснаас хэдэн арван хүний эрх ашиг зөрчигдөж, орлогогүй болсонд бухимдалтай байгаагаа Amjilt. com сайтынхан хэллээ. Тэд уг асуудлыг улстөржүүлэх хүсэлгүй байгаа бөгөөд зөвхөн сайтыг нь нээж өгөхийг л Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий сайдаас хүсчээ.
Г.АРИУН