Г.Сарангэрэл нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх өчигдөр эцэслэн шийдлээ. Өмнө нь шүүгдэгч Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Г.Батбаяр нар шүүх бүрэлдхүүнээс татгалзсан, шинээр авсан өмгөөлөгч А.Туул хэргийн материалтай танилцах хугацаа гаргаж өгөхийг хүссэний дагуу шүүх хурлыг хойшлуулж байсан юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдон, өөрийгөө хар тамхи хэрэглэж байгаагүй хэмээн телевизээр мэдээлэл хийж, олон нийтийн дунд шуугиан тариад байсан Г.Сарангэрэлийг цагдан хорихоор шийдвэрлэсэн. Шүүх түүнийг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож 1.6, Х.Гэрэлд 1.8, Б.Энэрэлд 1.2, Б.Отгончимэгт 1.1 жилийн хорих ял ногдуулав.
Шүүгдэгч Б.Энэрэлийг анх удаагийн үйлдэл учир хорих ялыг тэнсэн харгалзаж, Б.Отгончимэгийг насанд хүрээгүй учраас ялыг нэг жилээр хойшлууллаа. Тэдэнд хар тамхи борлуулсан шүүгдэгч н.Халиуныг онц ноцтой гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.ТӨГӨЛДӨР