ОХУ-ын Тува улс руу зорчиж, наймаа хийдэг байсан Увс аймгийн иргэн О гэх эмэгтэй наадмын өмнө бараагаа татахаар яваад сураггүй болсон байна. Иймээс гэр бүлийнхэн нь түүнийг хайхаар тус улс руу явсан бөгөөд энэ талаар Ерөнхий консулын газарт ханджээ. Иргэн О нь их хэмжээний мөнгөтэй явсан гэх албан бус мэдээлэл байна. Түүнийг дээрэмдээд, машинтай нь шатаасан байж болзошгүй гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байгаа юм.
Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бадамрагчаагаас тодруулахад “Тува руу явсан эмэгтэй сураггүй болсон учраас гэр бүлийнхэн нь Консулын газарт хүсэлт тавьж, Тувагийн цагдаагийнхан түүнийг хайж байгаа” гэсэн бол Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайван “Тувад байгаа Ерөнхий консулын газар холбогдох байгууллагынхантай хамтран алга болсон иргэнийг эрэн сурвалжилж байна. Их хэмжээний мөнгөтэй явсан эсэх болон амиа алдсан гэх мэдээлэл ирээгүй” гэлээ.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ