Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан Г.Маналжав болон Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Шүүгдэгч Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрх “Хар дун” ХХК-ийн өмчид шилжүүлсэн. Улмаар энэ компанийг Н.Энхбаярын байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгосон.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан Г.Маналжавтай хамтран, дүү Б.Чанцалдаа 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр хувьчилж, нийслэлийн өмчид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан. Мөн Т.Билэгтийг НИТХ-ын даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаад байсан юм.
Шүүхээс шүүгдэгч Ц.Батбаярыг гэм буруутайд тооцон хоёр жил, хоёр сар чанга дэглэмтэй ангид хорих ял оногдуулав. Т.Билэгтийг гэм буруутайд тооцсон ч 2009 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамруулж, Г.Маналжав, Ц.Чанцал нарын хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Б.ТӨГӨЛДӨР