Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханыг эрх мэдлээ хэтрүүлэн шүүгч Г.Алтан-Очтой хуйвалдан олон улсын хэмжээний залилан хийсэн гэж Дэлхийн шатрын холбооноос шалгаж эхэлсэн талаар Монголын шатрын холбооныхон өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Дээрх хоёр хүнийг шалгаж эхэлсэн талаарх албан ёсны мэдэгдлийг тус холбооны гүйцэтгэх захирал Найжел Фрийман өнгөрсөн сарын 25-нд манай холбоонд илгээсэн аж.
Ц.Батсайхан холбооныхоо ерөнхийлөгчийг эзгүй хойгуур ямар ч үндэслэлгүйгээр олон улсын шүүгч болсон гэнэ. Харин Г.Алтан-Оч түүний тодорхойлолтыг Дэлхийн шатрын холбоонд хүргүүлжээ. “80 жилийн түүхтэй Монголын шатрын холбооны нэр хүндийг дэлхий нийтэд унагаж, үе үеийн шатарчдын хөдөлмөрийг уландаа гишгэсэн” хэмээн манай шатарчид эсэргүүцэж, Түр зөвлөл хүртэл байгуулаад байгаа бол Дэлхийн шатрын холбоо тэднийг маш ноцтой алдаа гаргасан гэж дүгнэсэн байна.
Г.АРИУНЦАЦРАЛ