Жил жилийн наадмын дараа бөхчүүд, морьдоос сэргээш илэрсэн гэх яриа гарч, олны анхаарал татдаг. Зарим бөхөөс сэргээш илэрч байсан ч дорвитой хариуцлага тооцсон нь бараг үгүй. Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ үед сэргээшийн төрлийн эм бэлдмэл хууль бусаар оруулж ирж байсан хүмүүсийг хилчид илрүүлэн, холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүллээ.
Энэ сарын 3-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн, манай улсын иргэн Д нь олон улсад хэрэглэхийг хориглосон, сэргээшид хамаарах 10 төрлийн 314 эм, бэлдмэл авч явжээ. Уг эм, бэлдмэлийг хэрэглэсэн хүний элэг, дотор эрхтэн гэмтэхээс гадна бэлгийн чадавхи нь буурдаг юм байна. Тиймээс уг эм бэлдмэлийг хэрэглэхийг олон улсад хориглодог аж. Хууль хяналтын байгууллагад ирсэн мэдээллээр олон улсад хэрэглэхийг хориглодог сэргээшийн төрлийн эм, бэлдмэл оруулж ирдэг хууль бус наймаачид манай улсад цөөнгүй байдаг гэнэ. Түүнийг нь худалдан авагчид ч хэдийнэ бий болжээ.
Тэд нэг бэлдмэлийг 30.000-600.000 төгрөгөөр, нууцаар худалддаг юм байна. Сэргээш оруулж ирсэн Д-гийн хувьд нэг бус удаа ийм зүйл борлуулсан байх магадлалтай гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж буй. Тиймээс нарийвчилсан шалгалтыг үргэлжлүүлэн хийхээр түүний хэргийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлжээ.
Г.РАВЖАА