Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнгөрсөн баасан гаригийн шүүх хурлаар “Гал үндэстэн” хөдөлгөөний Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, С.Дашцэрэн, Г.Болдбаатар, Ж.Ганболд, М.Мөнхболд нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбаярт 21 жил зургаан сар, Ж.Ганболд, Г.Болдбаатар нарт 21 жил нэг сар, С.Дашцэрэн, Д.Төмөрбаатар нарт 20 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Мөн М.Мөнхболдод хоёр жил хорих ял ногдуулсан.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх энэ хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд хэлэлцээд Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар нарт анхан шатны шүүхээс биечлэн эдлэх ялыг Ц.Мөнхбаярт долоо, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил 10 хоногоор тогтоосон байна. Д.Төмөрбаатар өмнө нь ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон учир 10-аас дээш жилийн ял шийтгэсэн. Харин Ж.Ганболдын ялыг хөнгөр үүлж нэг жилийн хорих ял оноосон юм. Түүнчлэн С.Дашцэрэнд зандалчлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасныг зүйлчлэлийг өөрчилж, галт зэвсэг хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцон хоёр жилийн хугацаагаар хорих ял ногдуулсан.
Улсын Дээд шүүхээс Ц.Мөнхбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байна гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Г.РАВЖАА