-Хуулийн байгууллагын шинэчлэлд нэмэрлэх үг-
Шүүх, прокурорын байгууллагын шинэчлэл нэрийн дор энэ салбарт ажиллагсдын эрх ямба улам нэмэгдэж, ард түмнээсээ холдож, амьдралаас тасраад байх шиг. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсыг зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдах талаар заасан байдаг. Гэтэл шүүх, прокурорын байгууллага “тойрог” гэсэн бүтцэд орсноор нутаг дэвсгэрийн зарчим алдагдаж, эрүүгийн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрүүгийн байцаан шийтгэх хойшлуулшгүй ажиллагааг цаг алдалгүй явуулах зарчим хаягдаж байна. Тойргийн систем гэх энэхүү алдаатай шийдвэр, ажлын уялдаа, прокурорын хүнд суртлаас болж саяхан Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан зам тээврийн ослын улмаас олон хүн нас барсан хэргийн үеэр цогцсууд замаар нэг тарсан, бүтэн хоёр цаг ямар нэг ажиллагаа хийлгүй хүлээх жишээтэй. Цагдаагийнхан ажиллагаагаа явуулах гэхээр өнөөх л тойргийн асуудлаасаа шалтгаалж прокурорын хяналтын харьяалал энэ тэрээр шалтаглан ажил саатаж байгаа нь ард иргэдээ хохироохоос өөр ач холбогдолгүй мэт харагдсан. Нөгөө талаар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид энэ тойргийн системээс болж нэлээдгүй явдал чирэгдэлтэй тулж хуулийнхан ч өөрсдөө хөл толгойгоо олохгүй яваа бололтой.
Эрүүгийн хэргийн үндсэн гол гурван оролцогч бол шүүх, прокурор, мөрдөн байцаагч. Эрүүгийн хэргийг байшинтай зүйрлэвэл тэрхүү байшингийн бүхий л эс ширхэг бүрийг барьж байгуулж, ядарч зүдэрч, гэмт хэрэг мөн бишийг нотлохоор нүүр тулан газар дээр нь гардан ажилладаг нь мөрдөн байцаагчид байдаг. Прокурор бол энэ байшинг хэрхэн барьж байна, зургийн дагуу барьж буй эсэхийг хянан харж байгаад л тэр байшингаа болсон гэж үзвэл шүүгчид бичгээр мэдэгддэг. Харин шүүгчийг бол тухайн байшинг ашиглалтад хүлээн авах, эсэхийг шийддэг улсын комисстой адилтгаж үзэж болох юм. Эндээс хэний хөдөлмөр хүнд вэ гэдэг нь харагдаж байгаа биз. Байшин барьж байгаа хүний хөдөлмөр үү, эсвэл харж зогсоод шийдвэр гаргадаг хүний хөдөлмөр үү. Гэтэл манай хуулийн систем тэрхүү зүгээр харж зогсогч нарт өндөр эрх мэдэл өгч, байр суурийг нь бэхжүүлээд байх шиг.
Гардан хөдөлмөрлөсөн хүнээ улам л дарамтлаад, хэтэрхий ачаалал, хууль давсан олон дүрэм журам, тушаалаар дараад, шинэ шаардлага зохиож амаараа айлгаад, прокурорын шаардлага бичээд байна уу гэхээс, энэ хүний ажил ер нь яаж явдаг юм бол, ажлыг нь үр дүнтэй болгох ямар боломж байдаг бол гэх сэтгэлтэн ховор. Иймд мөрдөн байцаагчдын ур чадвар суларч, чадваргүй ажилтнуудын тоо нэмэгдсээр байна. Боолын нийгмийн үед л ташуураар бүхнийг болгодог байсан байх. Одоогийн нийгэмд арай өөр сэрэл сэтгэхгүй шаардах учиртай. Эрх бүхий байгууллагууд аль болох л мөрдөн байцаалтад саад тээг болсон тушаал, журам гаргаад үүнийгээ хүний эрхийн асуудал руу хандуулж тайлбарлана. Монголчууд үлдэх хүнээр татлага бүү татуул гэдэг. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд гар бие оролцоогүй зөвхөн цаасанд “шүтэж”, хавтаст хэрэг гэдэг цаастай зууралдаж, мөрдөн байцаагчаа голж шилж суугаа прокурор, шүүгч хоёр амьдрал дээр яг ямар асуудал болсон юм бэ гэдгийг биеэрээ, мэдрэхгүйгээрээ, нүдээрээ харж, хэлээрээ ойлголцож, гараараа барихгүйгээр хийсвэр дүгнэлтийг холоос хийж, эсвэл хэзээ хойно “найруулагдсан жүжиг шиг” шүүх хуралд үндэслэн чухам амьдралд нийцэхгүй олон тооны шийдвэр гаргаад байгаад л ард түмэн бухимдалтай, хуулийн байгуулага нэр хүндгүй болоод байгаа нь ажиглагддаг. Эдгээр “цаас шүтэгч”, “гарамгай шүүмжлэгч” нар улам л их цаас үйлдвэрлэхийг мөрдөн байцаагчаасаа шаардаад, ажилд нь саад болж гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг шиг суугаа болохоос биш гарсан хэргийг гараар тэмтэрч, шинжлэх ухаан технологийн ололт ашиглахаас цааргална.
Эрүүгийн хэрэгт хохирсон, холбогдсон, өмгөөлөл хийж яваа олон хүн үүнийг биеэрээ мэдэрч дүгнэж яваа гэдэгт итгэлтэй байна. Аливааг бүтээх хэцүү, харин шүүмжлэх амархан, нэг тоосго өрж үзээгүй мөртлөө өрлөгчинд ажил зааж суух утгагүй. Үүнтэй адил амьдрал дээр болсон тухайн фактыг зөвхөн цаасаар ойлгож байгаа хоёр “тэнэгт” нэг хэргийг тайлбарлах, ойлгуулах гэж махаа идэж байхаар ядаж нэг “тэнэг” нь цөөрөөд шүүгч нь бүхнийг шийдэж баймаар санагдах явдал ч мөрдөн байцаагч нарт тулгарах үе байдаг гэнэ. Хэргээ ойлгохгүй болохоор яллах дүгнэлтийг нь прокурорын өмнөөс бичиж өгдөг мөрдөн байцаагч цөөнгүй байдаг юм гэсэн. Гэвч “нууцаар” амралтын өдөр, ажлын бус цагаар явагддаг гээд хэлчихэд хилсдэхгүй ажиллагаа болохоор ард иргэд мэддэггүй, хэргээ сайн ойлгоогүй прокурор мөрдөн байцаагчийн бичиж өгсөн яллах дүгнэлтийг шүүх хурал дээр уншаад зогсож байх магадлалтай. Олон хавтас хэрэг бий ч, талх талхаа л идэх ёс бий. Энэ мэт баримт бол хуучрах талдаа орсон. Саяхнаас прокурорууд маань туслах ажилтантай болсон болохоор өнөөх хавтаст хэргээ унших нь цөөрөөд туслах ажилтны хийсэн хэргийн түүвэр төлөвлөгөөнд үндэслэн танилцаж амьдралаас бүр хол тасархай шийдвэрүүдийг “үйлдвэрлээд” байх шиг.
Бас нэгэн жишээг авч үзье. Монголчууд баяр наадмаараа хонь төхөөрч айл хотлоороо хүртэцгээдэг. Хонь гаргахыг эрүүгийн хэрэг шалгах ажиллагаатай зүйрлэн үзвэл тухайн хонийг гаргах ажлыг гардан явуулдаг нь өнөөх л мөрдөн байцаагч. Гэтэл хонь гаргахад ядаж хөлийг нь татаж өгдөг, гэдсийг нь шувтардаг, болгож чанах гээд олуулаа хамжиж хийхээр мөн ч их ажил орно оо доо. Үүнийг мөнөөх л дан ганц мөрдөн байцаагч хийнэ. Гэтэл энэ бүгдийг нь харж, хянаж, шүүмжлэн, алдаан дээр нь дөрөөлөгчид буюу өнөөх зүгээр зогсогчид нь шүүгч, шүүгчийн туслах, прокурор, прокурорын туслах, хохирогч болон түүний өмгөөлөгч, ар гэр, сэжигтэн, яллагдагч тэдгээрийн ар гэр, өмгөөлөгч нар, дарга удирдлагууд нь гээд тоймгүй. Эдгээр олон зүгээр зогсогч өнөөх мөрдөн байцаагчийг “Хөөш чи, хонь буруу гаргалаа”, “Хоол чинь давсгүй байна”, “Гэдсээ сайн шувтраагүй байна” гэх зэргээр ярвайж дарвайхаас эхлээд “Ам руу халбагд”, “Зажлуул”, “Одоо залгиул” гэх нь холгүй. Уг нь монголчууд уургач морио удаан битгий уна гэдэгсэн. Гэтэл мөрдөн байцаах албаныхаа ажлыг нь дэмжихгүй атлаа олон талаас нь хэмлэн зүтгүүлж, “Тэд болгож л таараа” гэж ханддагаас нуруугаа авахуулсан, хойш суусан, сэтгэлгээ тааруу ажилтнууд олон болжээ.
Мөрдөн байцаагч хүн тал талаас авч үзэж байж болсон хэргийг илрүүлж, нотолж чадна. Тэрнээс биш прокурор, шүүхийн дарамтад орж номхон тэмээг ноолоход амар, ноомой хүнийг зарахад амар гэдэг шиг явах юм бол сэтгэлгээ хөгжихгүй зүгээр л бичээч болж хувирах болно. Хуучны, чадалтай сайн прокурорууд улам цөөрч оронд нь суугаа одоогийн зарим нэг прокурорууд үнэхээр өрөвдөлтэй, тухайн болж буй факттай хамааралтай технологи, мэргэжлийн онцлогийг мэдэхгүй, нэрэлхүү тэнэг зангаар асуудалд хандах нь цөөнгүй болсон гэх. Нөгөө л хуучирсан, үхширмэл сэтгэхүйгээр “Мөрдөн байцаагчийг дарж байх ёстой”, “Прокурор бол дээд албан тушаалтан, мэдэхгүй зүйлээ мөрдөн байцаагчаас асуувал доошоо орсон болно” гэсэн үзлээр асуудалд хандаж мулгуугаа нуугаад л ихэмсэглэж, мөрдөн байцаагчдыг “тэр миний байцаагч” гэх мэтээр өмчлөх, хүнийрхэх хандлага гарах болжээ.
Мөрдөн байцаагч бол эрүүгийн гэмт хэрэг гарсан тухай анхны дуудлага авсан цагаас эхлэн хэргийн ул мөрийг бэхжүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох эсвэл хэн нэгний бруугаас биш золгүй учрал зэрэг цагаатгах баримтыг олох, хэргийг шалгаж дуусгах хүртэл бүхий л ажлыг хийдэг. Нөгөө талаар цагаан захтнууд, албан тушаалтнууд, танил талтай этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийг нотлон тогтоохын төлөө хийсэн асар их хүч чармайлт, ачаалал даасан ажил хөдөлмөр нь эцэстээ прокурор, шүүгчийн “ханшийг өсгөгч” гэсэн нэртэйгээр хэргийн төгсгөлийг үзэх нь олон. Өөрөөр хэлбэл, тэнд нэг мөрдөн байцаагч үнэний эрэлд хөдөлмөрлөж байхад энд нэг шийдвэр гаргах албан тушаалтны авах авлигын хэмжээ улам бүр өсдөг, мөрдөн байцаагч хэр сайн нотлох ажиллагаа хийх тусам тэдгээр дээд шатны шийдвэр гаргагч нарын бусдаас авах авлига улам бүр өсөн нэмэгдэж байдаг байна. Шүүх, прокуроруудын цалин нэмэгдээд, ахуй хангамж, ажиллах орчин нь сайжраад л, бүгд шүүгчийн туслах, прокурорын туслах гэх мэт техник ажилтнуудтай болсон. Гэтэл өнөөх л бүгдийг хийдэг мөрдөн байцаагчид нүд үзүүрлэгдсэн, шоовдор байдалтай, ямар нэг туслах ажилтан байхгүй, ачаалалдаа дарагдаад, ихэмсэглэн ярвайх прокурор дарга нарын өмнө бөхөлзөөд урамгүйхэн.
Цагдаагийн албаны шинэ хуулиар цол ахихгүй болсон, ээлжийн амралтаа ч гүйцэд эдэлж чаддаггүй, цалин нь нэмэгддэггүй, ажиллах орчин нөхцөл тааруу, ажлын хэт ачаалалтай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульч биш болсон гээд уруудуулаад л байгаа. Эрүүгийн хэрэг бүртэй гардан ажиллаж байгаа хэдэн мөрдөн байцаагчаа төр, засаг маань бодох цаг нэг болсон баймаар. Гадаадын мөрдөх албадын тухай өдөр бүр л кино гарч байна. Тэнд манайхан шиг хэргийн хойноос ганц ганцаараа биш дандаа багаараа ажиллаж буй харагддаг. Энэ мэт дотоодод шийдэж болохоор төрийн түшиг, ард түмний язгуур үндсийг хамгаалагч төрийн тусгай албадын нэг болсон мөрдөн байцаах албаа эрх зүйн орчин, нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломжийг нь төгөлдөржүүлэх цаг нэгэнт болжээ. Авах хүнд хэрэгтэй үг хатуу ч бол яруухан, Орхих хүнд зөөлөн үгээр өгүүлэвч уйддаг гэдэг дээ. Бичсэн нийтлэлээс минь авах, анхаарах санаа бий байх. Олон жилийн ажиглалтын дүнд үүнийг бичлээ. “Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ, Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана” гэдэг үгээр дуусгая.