Төрийн болон хувийн байгуулагуудад сахиж мөрдөх журам гэж байдгийг мэдэхгүй хүн цөөн. Жишээлбэл, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэхэд л алдаа гаргасан ажилтнууддаа хөлбөмбөгийн сануулах карт шиг шар, улаан тасалбар өгдөг болсон гэх. Тэгвэл олонх байгууллага ажлаас хоцорсон, эсвэл шалтгаангүй тасалсан ажилтныхаа цалингаас нь хасдаг. Энэ бол хаа ч байдаг хувь болон хувьсгалын байгууллагын дотоод журам. Үүгээрээ би юу өгүүлэх гээд байна вэ гэвэл төрийн өмчийг менежментийн гэрээгээр авч, дотоод журам нэрээр ажилтнуудаа дарамталдаг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн нээлттэй хаалганы цаадах хаалттай дүр зургийг харуулах гэсэн юм. Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэдэг нэрээр нь хүн бүр мэднэ. Энэ эмнэлгийг 2004 оны хоёрдугаар сарын 9-нд нийслэлийн Засаг даргын захирамжаар удирдлагын гэрээгээр хувьчилжээ. Тухайн үед эрүүл мэндийн зарим байгууллагыг удирдлагын гэрээгээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт клиникийн профессор М.Чимгээ гэх эмэгтэй шалгарсан бөгөөд өнөөг хүртэл тус эмнэлгийн даргаар ажиллаж буй. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд МАН-аас С.Баяр, Сү.Батболд нартай өрсөлдөж байсан юм. Өөрийгөө бусдын төлөө ажилладаг, шударга сайн хүн хэмээн тодорхойлж ярьдаг тэрбээр мэргэжилдээ сайн, удирдахдаа манлайлагч гэх боловч хачир дээрээ дээрэнгүй зантай нэгэн болоод байгаа талаар хамт ажиллагсад нь өгүүлсэн юм.
Өнгөрсөн жил төрийн өмчийн буюу эмнэлгийн мэдлийн газар дээр ажилтнуудын орон сууц барих нэрийдлээр өөрийн дүү болон найз нартайгаа нийлэн “Ананд тауэр” гэх компани байгуулж, өдгөө зах зээлийн ханшаас өндөр үнэтэй 168 айлын хоёр орон сууц сүндэрлүүлжээ. Харамсалтай нь, уг орон сууц ажилтнуудынх биш ах дүү, найз нөхдөөрөө хотын төвд, байршил сайтай газарт барилга барин өндөр үнээр зарж, ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол байж. Хамгийн гол нь ажилтнууддаа хямдралтай үнээр борлуулна гэчихээд долоо хүрэхг үй хоногийн дотор бүх ажилтны хурал зарлаж, тус хурал дээрээ байрны захиалга авах болсноо гэнэт хэлсэн байна. Улмаар эхний долоо хоногийн дотор 30 хувийн урьдчилгаа төлбөрөө өгвөл нэг ам метр нь 1.3, удаах долоо хоногт нь урьдчилгаагаа төлбөл 1.5, улмаар сарын дараа төлбөр хийсэн тохиолдолд 1.6 сая төгрөг гэхчлэн үнийн тариф тогтоосон гэнэ. Хугацаа давчуу, тодорхой дүрэмтэй учраас эмнэлгийн 200 гаруй ажилтнаас боломжтой гэсэн 20 гаруй хүн байр авч, боломжгүй нь шүлсээ залгиад өнгөрчээ. Ингэж өөрийн дур зоргоор аашлах нь энгийн үзэгдэл бөгөөд “Энэ асуудлыг гадагшаа ярих шаардлагагүй. Дотроо шийдээрэй. Хүмүүст мэдээлэл өгч болохгүй” гэж эмнэлгийн дарга эмэгтэй зарлигджээ. Ер нь тус эмнэлэг М.Чимгээ даргын “вант улс” болсон гэхэд хилсдэхгүй. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас бусад нь эгч, дүү, хамаатан, садан нь аж.
Баттай эх сурвалжийн өгүүлснээр “Төрсөн дүүгийнх нь хүү эмнэлгийн даргын нарийн бичиг бол няраваар төрсөн дүү, аж ахуй хариуцсан даргаар төрсөн дүүгийнх нь нөхөр ажилладаг байж. Тэр хүн одоо “Ананд таур” компанийг хариуцдаг. СӨХ-ны даргаар төрсөн эгчийгээ томилсон. СӨХны татвар өндөр. Нэг айлаас манаачийн мөнгө гэж 15000 төгрөг авдаг бол цахилгааны мөнгийг албан байгууллагын ханшаар тооцдог. Хэрэв эмнэлгийн эмч, сувилагч нар даргын хамаатантай эвгүй харилцах юм бол дарамталж, элдэв үгээр хараан ажлаас нь хална гэж сүрдүүлдэг гэсэн. Үнэнчээр ажлаа хийж яваа нэгнийг доош нь түлхэж, харин өөрт нь долигносон хүмүүсийг дээш нь өргөдөг хувийн амбийц, хандлагаар ажлаа хийдэг гэнэ. Мөн НЭМГ-аас, эсвэл нийслэлийн Засаг дарга нар шилдэг, тэргүүний зэрэг шагнал өгөхөөр болоход өөрийн ах, дүү нарынхаа нэрийг явуулдаг гэсэн. Мөн засгаас зургаан сарын үндсэн цалингаар шагнах тухай эмч, ажилтнууд нь мэдээгүй байтал төрсөн эгчийнх нь хүү, дүүгийнх нь эхнэр тэр мөнгийг авсанд хүмүүс мөрөө хавчаад өнгөрчээ. Энэ талаар хэлье гэхээр “Ажлаас чинь хална, хаана ч ажилд оруулахгүй болгоно гэж сүрдүүлдэг” гэв.
Өөр нэг баттай эх сурвалжийн ярьснаар “Бид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Илүү цагийн мөнгийг зохих журмын дагуу тооцож олгодоггүй. Дээрээс нь цалингаа өгөхдөө өөрсдийн зохисон дүрмийн дагуу А, B, C, D, F гэж үнэлэн олгодог. Энэ дүрмийн хамгийн шударга бус зүйл нь улсад 10 гаруй жил ажиллаж буй эмчийн үндсэн цалинг C үнэлгээгээр тооцож 480 мянган төгрөг олгодог хэрнээ дөнгөж ажилд орсон, эсвэл Чимгээ даргын хамаатан болон түүнд тал зассан нэгнийг B-гээр үнэлж, цалин олгодог. Хамаатнууддаа хамгийн өндөр цалин өгдөг. Энэ эмнэлэгт олон жил ажилласан эмч нар цөөхөн бий. Дөнгөж төгссөн, эсвэл дээд тал нь гурван жил болсон залуу эмч нар байдаг. Энэ нь ч шалтгаантай. Юу гэвэл, эмч нар эмнэлгийн даргын дарамтыг тэсвэрлэлгүй ажлаасаа өөрсдөө гарахад хүрдэг” гэлээ. Нийт зургаан тасагтай тус эмнэлэг 200 орчим ажилтантай ч гурван хүний хийх ёстой ажлыг нэг эмч хийдэг гэнэ. Бага хүчээр их ажил хийлгэх сонирхолтой юм байна. Ажилтнуудтайгаа хуралдахдаа ажил биш өөрийн эрх ашгийг дэмжихийг шаарддаг аж. “Манайхаас өөр менежментээр хувьчилсан эмнэлэг байхгүй. Удахгүй 100 хувь хувийн өмч болно. Тиймээс дэмжихгүй байгаа хүмүүс ажлаасаа гараарай. Эсрэг кноп дарахгүй шүү” гэж хурлын үеэр саяхан сүрдүүлсэн гэнэ.
Мөн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, эмнэлгийн арын талбайд өргөтгөл барина хэмээн мэдээлжээ. “Магадгүй өргөтгөл нэрээр дахиад л улсын газраас “хумслах” гэж байгаа биз” хэмээн ярих хүн ч таарав. 100 хувь хувьчилна гэдэг мэдээллийг сонсоод эмнэлгийн ажилтнууд айдаст автжээ. Одоо ингэж аашилж байгаа хүн 100 хувь өөрийнх нь болгочихвол бүр баллах нь гэсэн болгоомжлол эмнэлэг дотор бий болсон байна. Эмч нар түүний энэ дарамтаас үүдэж ажил мэргэжилдээ дуртай байхаа больж, “Тэртээ тэргүй юу ч хийсэн үнэлэгддэггүй юм чинь” гэсэн бодол тээдэг гэнэ. Мөн өнгөрсөн жил эмнэлгийн ажилтнуудын цалинтай холбоотой асуудал гарсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө цалинг нь багаар тооцож бичээд гар дээр нь зөрүү мөнгийг нь олгожээ. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийсэн гэсэн үг. Тухайн үед НЭМГ-т хэлсэн боловч энэ тал дээр ямар ч аргаа хэмжээ аваагүйгээр барахгүй эмч нараас мэдээлэл цуглуулчихаад эргээд эмнэлгийн даргад хэн, юу гэж хэлснийг нь дамжуулсан байжээ. Түүнчлэн энэ бүхний араас сурвалжлах үед нэг ноцтой мэдээлэл дуулдав.
Нийгмийн даатгалын сангаас нэг хүүхдийг эмчилсэн гэж 300 мянган төгрөг олгодог гэнэ. Тэгвэл жилд хоёр, гурван удаа бүх ажилтнуудынхаа хүүхдүүдийн нэр дээр өвдөөгүй байхад нь өвчний хуурамч түүх нээж даатгалын сангаас мөнгө “саадаг” бололтой. Үүнийгээ ажилтнуудынхаа цалинг тавихын тулд ийм арга хэрэглэж байна гэж тайлбарладаг гэнэ лээ. Эмнэлгийн дарга М.Чимгээгийн удирдлагын гэрээ хэзээ дуусахыг НӨХГ-ын өмчийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэмөнх өөс тодруулахад “2004 онд хийсэн удирдлагын гэрээ гурван жилийн хугацаатай байсан. Тиймээс 2006 оны сүүлчээр буюу гэрээ дуусах дөхөхөд Аудитын газраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй, эсэхийг нь шалгаж, сунгасан. Энэ шалгалтаас хойш 2013 он хүртэл тус эмнэлгийг шалгааг үй. Хуульд заасны дагуу удирдлагын гэрээгээр хүлээх үүрэгт байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчл өхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулахыг даалгасан. Харин тус эмнэлгийн үйл ажиллагааг өнгөрсөн жил нийслэлийн Засаг даргын А/65 дугаар захирамжаар Аудитын комисс томилогдож шалгаад гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна хэмээн үзэж А/1066 дугаар захирамжаар хаасан” гэлээ. Харин М.Чимгээ дарга Засаг даргын гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан гэнэ. НӨХГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх “Засаг даргын захирамжийг эсэргүүцэж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Өнгөрсөн жилээс хойш шүүх хурал дөрвөн удаа хойшлогдсон. Захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулдаг, шинэ баримт гарч ирэх бүрт дахин нягталдаг тул ингэж хугацаа алдаж байгаа. Бид эмнэлгийн үйл ажиллагааг шалгаж үзээд цаашид удирдлагын гэрээгээр үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн гэрээг цуцалсан. Харин М.Чимгээг эмнэлгийн даргаар нь үлдээж, төр өмчөө эргүүлэн авлаа гэсэн зүйл л яригдаж байгаа. Яагаад М.Чимгээ шүүхэд хандсаныг гайхаж байна” гэв. Ингэж дураараа аашилж, төрийн өмчийг өгөхгүй хэмээн заргалдах М.Чимгээ даргын асуудлыг зохих байгууллага анхааралдаа авмаар юм. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт юу болоод байгааг мэдээсэй хэмээн эрүүл мэндийн төлөө тангараг өргөж, зүрх сэтгэлээрээ зүтгэсэн албан хаагчид хүсэж байгааг уламжилъя.
Б.БЯМБАСҮРЭН