Мансууралтай тэмцэх дэлхийн өдөрт Монгол Улс нэгдээд 15 жил болж байна. Өнөө жилийн энэ өдөр “Эрүүл амьдарч, саруул сэтгэе” уриан дор “Саруул Монгол” долоо хоногийн аян зохион байгуулж байна. “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллага, Монголын реп, хип хоп академи, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран хүүхэд, залууст амьдралын зөв хэв маягийг сурталчлан таниулах, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар мэдлэгтэй болгох зорилгоор энэ аяныг зохион байгуулж буй.
Аяны хүрээнд энэ сарын 29-нд карнавал парад болж, чопперчдын болон “Хаммер” автомашинтай залуус Сансрын тунелээс Чингисийн талбай хүртэл цуваагаар явах аж. Улмаар Чингисийн талбайд 19.00 цагаас урлагийн тоглолт болж, залуус хар тамхигүй ирээдүйн төлөө нэгдэх юм. Хүн бүр мансууруулах бодисоос татгалзаж, уруу татагдалг үй, өөрийгөө хамгаалж сурах нь мансуурлаас сэргийлэх хамгийн чухал алхам юм. Дэлхийн хэмжээнд 15- 64 насны 153-300 сая хүн мансуурч, гурван минут тутамд нэг хүн амиа алдан, донтсон нийт өвчтөний зөвхөн таван хувь нь эдгэрч байна. Монголд 2000 онд мансууруулах бодис хэрэглэдэг 52 хүн байсан бол өнгөрсөн онд 561 болж өссөн гэсэн тоог Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллага гаргажээ. Хэрэглэгч нь залуус, дундаж нас нь 23 байгаа нь мансууралтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүдийг түгшээж байна.
Мансуурлаас үүдэлтэй гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулахад 2.4, холбогдсон хүний тоо нь 1.3 дахин нэмэгджээ. Холбогдох байгууллагууд арга хэмжээ авч байгаа ч хууль бус, нуугдмал байдаг учраас мансуурагчдын тоог тодорхой гаргаж, тулж ажиллаж чадахгүй байгаа аж. Мансуурагчдын олонх нь хүнд шатандаа орсон үедээ л эмнэлэгт ханддаг. Тиймээс хор хөнөөл, эрсдэлийг нь сайн сурталчлан таниулах нь чухал гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын сэтгэц, донтолт хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэг ярилаа.
Ш.БАЯНЖАРГАЛ