Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж дуусчээ. Түүнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан гэсэн үндэслэлээр Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн гэнэ.
Тус шүүхийн эх сурвалж “Шүүгч хавтаст хэрэгтэй дөнгөж танилцаж эхэлж байгаа. Хурлын тов хэдийд гарах нь тодорхойгүй. Хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл шүүх хурлыг товлох байх” гэлээ. Бидний өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хэрэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үеэр түүнээс тайлбар авах шаардлагатай гэж үзвэл мөн гэрчээр дуудах магадлалтай гэнэ.