Гадаад паспорт дээрээ хилийн шалган нэвтрүүлэх албаны хуурамч дардас даруулсан иргэдийг саатуулж, зохих байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тухай мэдээ хэвлэлд өдөр алгасалгүй шахам гардаг. Болдоггүй юм шүү гэж анхааруулсаар байхад голио азаа үзэн замын голоор явав гэдэг шиг хуурамч дардас даруулсан гэх хүмүүсийн цуваа үл тасрах нь хачирхалтай.
Мэдээжийн хэрэг хэн нэгэн саваагүй этгээд үүнийг зүв зүгээр хийж өгнө гэж лав байхгүй. Тэгээд ч зах зээлийн нийгэмд үнэ хөлсгүй юм гэж байдаггүйн зэрэгцээ энэ мэтийн хууль бус үйл ажиллагаа ямар нэгэн төлбөртэй нь ойлгомжтой. Хилчид энэ хэргийн араас уйгагүй хөөцөлдсөний эцэст саяхан улсын хилээр нэвтрэх цохиур хэв буюу дардас хуурамчаар дарж өгдөг дөрвөн бүлгийг илрүүлж, 19 хүнийг холбогдуулан саатуулан, харьяаллын дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлжээ. Сэжигтнүүд 2005 оноос энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нэлээд өндөр зохион байгуулалттай байсан нь тогтоогдоод буй аж. Мөн өөр бүлэглэл ч байгаа гэдгийг Хил хамгаалах байгууллагынхан нуугаагүй.
ХЭН ЯМАР АРГААР ЭНЭ ХЭРГИЙГ ҮЙЛДДЭГ БАЙВ
Монгол Улсын иргэн М нь 2009 онд Турк улсад ажиллаж, амьдарч байхдаа Г гэх хүнтэй танилцаж, улмаар эх орондоо ирснийхээ дараа хуурамч дардас дардаг хүмүүстэй холбоо барих утсыг нь түүнээс аван, Турк улс руу орох эрхээ хасуулсан иргэдэд зуучлах болсон байна. Иргэн Н компьютер ашиглан хуурамч дардсыг хийдэг байсан нь тогтоогдоод буй гэнэ. Сэжигтэн Н нь 2013 оны нэгдүгээр сараас 2013 оны наймдугаар сар хүртэл Турк улсад “хараар” ажиллаж байгаад буцаж иржээ. Түүний харласан явдал нь тус улсын хилээр нэвтрэх эрхээ хасуулах үндэслэл болсон тул буцаж явах зорилгоор хуурамч дардас дардаг гэх иргэн Т-д хандсан байна. Захиалга биелүүлэгч нь өөрийн сийлбэр хийдэг дархны багаж хэрэгслээ ашиглан хуурамч дардас дарж эхэлсэн байна.
Мөн иргэн Г нь 2005 оноос хойш “Буянт-Ухаа-73” дугаартай цохиур хэвийг жилд ойролцоогоор 30 орчим хүнд дарж өгсөн байгаа аж. Үүнийхээ хөлсөнд нэг хүнээс дунджаар 200- 300 ам.долларын хөлс авдаг нь тогтоогджээ. Тэрбээр энэ хуурамч хэвийг 2005 онд Турк улсад амьдарч байхдаа Монгол Улсын иргэн Д гэгчээс авсан хэмээн мэдүүлсэн гэнэ. Эдгээрээс гадна иргэн О нь Монгол Улс болон БНХАУ-ын хил нэвтрэх хуурамч дардас дардаг бөгөөд дээрх хууль бус үйлдлээ хэвлэлийн технологи ашиглан хийдэг нь шалгалтын явцад тодорхой болсон байна. Харин энэ үйлдэлд нь иргэн Б, Ж нар зуучлагч хийж байсан гэнэ. Гадаад паспорт дээр хилийн шалган нэвтрүүлэх албаны хуурамч дардас дардаг дөрвөн бүлгийг ийнхүү хилийн тагнуулынхан илрүүлээд байгаа бөгөөд 2013 онд манай улсын 112 иргэн хуурамч дардас даруулсан хэргээр саатуулагдсан байх юм.
Хамгийн гол нь ашиг орлогодоо бус Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болзошгүй байгааг энэ дашрамд дурдахад илүүдэхгүй байх. Яагаад гэхээр онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд, цаашлаад террористууд манай улсад нэвтрэх, дамжин өнгөрөх боломж бүрэн нээлттэй байна гэсэн үг. Мөн хоёрдогч, гуравдагч оронд визний зөрчилтэй, оршин суух журам зөрчсөн, гэмт хэрэгт холбогдож байсан манай улсын иргэд тухайн оронд очих зорилгоор өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, дардас ашиглан, очиж буй улсынхаа хилийг бусдын хуурамч дардас бүхий паспортаар нэвтрэх гэсэн оролдлого хүрээгээ тэлж байгаа аж. Ингэснээр хамгийн хортой нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа төдийгүй ийм төрлийн гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэж чаддаггүй, сул дорой төртэй гэсэн ойлголтыг төрүүлдэг байна. Хамгийн ноцтой нь хуурамч дардас дарсан паспорт ашиглан хэн нэгнийг хүний наймааны золиос болгох магадлал тун өндөр байгаа юм. Нөгөө талаас хуурамч тамга тэмдэг илрүүлэх арга туршлага хилчдэд байдаг тул хөлсөө урсган байж олсон хэдэн төгрөгөө зальт этгээдүүдэд бүү завшуулаарай гэж иргэдэд анхааруулж хэлмээр санагдана.