Сүхбаатар аймгаас өнгөрсөн баасан гаригийн 17.00 цагт Улаанбаатарын чиглэлд гарсан “Дайчин сүх” компанийн 05- 22 СҮА дугаартай зорчигч тээврийн автобус онхолдож, зургаан хүн газар дээрээ нас барсан ноцтой осол бямба гаригийн өглөө гарлаа. Уг автобус Сүхбаатар аймгаас гарахдаа 42 хүнтэй явсан бөгөөд Мөнххаан суманд хоёр хүн бууж, дөрвөн хүн нэмж суусан аж. Ингэснээр 44 хүн Улаанбаатарыг зорьсон байна. Өглөө 06.30 цагийн үед Багануурт явж байна гэдгээ Сүхбаатар аймаг дахь диспетчертээ утсаар мэдэгдээд нэг их удалгүй Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндаваа уруудаж яваад замын хажуу руу онхолджээ. Уг автобусанд 4-18 насны есөн хүүхэд явсан аж. Уг осол 07.40 цагийн үед гарсан гэдгийг Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд бүртгэжээ.
Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Ч.Гончигсайхан “Ослын шалтгааныг тогтоохоор Зам, тээврийн яамнаас Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Жолооч нарт техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулан, аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулъя” гэсэн юм. Осол гарсны дараа зорчигчдыг Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэж, анхны тусламж үзүүлсэн бөгөөд үдээс хойш өвчтнүүдийг ГССҮТ-д шилжүүлсэн байна. Тус төвийн эмч нараас өчигдөр хүмүүсийн биеийн байдлыг лавлахад “Ослын улмаас гэмтэж бэртсэн 50 гаруй хүн өчигдөр манайд хандсан. Тэдний 39 нь Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны орчимд болсон автобусны ослоос болж гэмтэж бэртсэн хүмүүс. Тэднээс 28-ыг нь хэвтүүлэн эмчилж байна. ГССҮТ-д энэ ослын талаарх мэдээлэл 08.40 цагт ирж, Налайх руу есөн хүний бүрэлдэхүүнтэй гурван машинтай Яаралтай тусламжийн баг гаргасан.
Эмч нар Налайхын нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүдээ биеийн байдлаар эрэмбэлэн ангилаад Улаанбаатар руу тээвэрлэсэн. 39 хүнийг шуурхай тээвэрлэж авчирсан. Дэлүү нь задарч, хэвлийдээ хоёр литр орчим цус алдсан хүнд гэмтэлтэй хүнийг тээвэрлэх боломжгүй байсан тул манай мэс заслын баг Налайхын эмнэлэгт яаралтай хагалгаа хийж, амийг нь аварсан. Одоо биеийн байдал нь тогтвортой байна. 72 цагийн дараа манай эмнэлгийнхэн тээвэрлэн авчирна. Бас нэг хүнийг тусгай тоноглолтой машинаар тээвэрлэж, замдаа сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хийж яваад Улаанбаатарт ирэнгүүт нь яаралтай мэс засалд орууллаа. Хагалгаа амжилттай болсон. Хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтворжсон. Хоёр хүн Эрчимт эмчилгээний, найман хүн Нуруу нугасны, есөн хүн Гавал тархины гэмтлийн тасагт байгаа. Цахим мэдээллийн хэрэгслээр жирэмсэн эмэгтэй зулбасан гэсэн мэдээлэл гарсан нь ташаа гэдгийг энэ дашрамд хэлье. Жирэмсэн хоёр эмэгтэй уг автобусанд байсан. Нэг нь толгойдоо, нөгөө нь нуруундаа гэмтэж, манай эмч нарын хяналтад байгаа. Энэ осолтой холбоотойгоор манай бүх тасгийн эмч нар дуудагдаж ажилласан” гэлээ.
Биднийг тус эмнэлэгт очиход хоёр ч тасгийн хонгилд осолд орсон хүмүүсийг хэвтүүлсэн байлаа. Осолд орсон хүмүүсийн ар гэрийнхэн өчигдөр Улаанбаатарт ирсэн бөгөөд зарим нь гэмтсэн хүмүүсээ сахиж байв. Тэдний нэгтэй уулзахад “Манай охин Мөнххаан сумаас уг автобусанд суусан юм. Өчигдөр өглөө осолд орж гэмтсэн гэж дуулангуутаа ирлээ. Охин маань толгойдоо гэмтэл авсан. Цээж нь маш их хөндүүрлэж, хүзүү толгой нь хөшөөд байна гэнэ. Өнөөдөр зургийг нь авахуулсан. Маргааш Шүүх эмнэлэгт очиж үзүүлэх байх. Маш их зардал гарч байна. Баримтуудаа цуглуулаад байгаа. Энэ сарын 24 гэхэд ослын шалтгаан нөхцөлийг тогтооно гэж бидэнд мэдэгдэх хуудас өгсөн. Охины минь ярьж буйгаар Баяндавааны уруу их хурдтай буусан гэсэн. Тэгээд хэд дайвалзаж байсныг нь санаад цаашаа юу болсныг нь мэдэхгүй байна. Нэг сэргэхэд замын хажууд автобуснаас гаргачихсан хэвтэж байсан гэсэн. Миний таамаглаж байгаагаар ээлжийн жолооч нь Баяндавааны уруу араагаа салгаад өнхөрүүлсэн юм шиг байна. Ээлжийн жолооч нь нэг залуу байсан. Тэр л туршлагагүйтэж, ийм осол гаргачихлаа. Уг автобусны жолооч нь настай, туршлагатай хүн юм билээ. Тэр нь одоо толгойдоо гэмтэлтэй энд эмчлүүлж байгаа. Багануур өнгөрөөд ээлжийн жолооч залууд жолоогоо шилжүүлсэн гэсэн. Тэгэхдээ “Болгоомжтой яваарай, хурдлахгүй шүү” гэж захиж байсан гэх юм билээ. Ээлжийн жолооч залуу нь Цэнхэрмандалын гуанзанд олон жил уулзаагүй найзтайгаа таарсан гээд нэг шил архи хувааж уусан гэх мэдээлэл ч бий. Үнэн, эсэхийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз. Ээлжийн жолооч залуу үүгээр үзэгдэхгүй байгаа. Энэ осолд зам барьсан компани ч, автобусны ээлжийн жолооч залуу ч буруутай. Автобус осолдсон газар их эвгүй замтай. Тэнд байсхийгээд осол гардаг юм. Осолд орсон 40 гаруй хүнээс өнөөдөр өглөө нэг хүн нь бас нас барлаа гэсэн яриа гарсан” гэв.
Осолтой холбоотойгоор Зам, тээврийн дэд сайд Х.Ержанаар ахлуулсан Ажлын хэсэг гарсан бөгөөд тэд өчигд өр хуралдсан байна. Үүний дараа Авто тээврийн үндэсний төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Энэ ажлын хэсэг хохирогчдын эрүүл мэндэд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Ажлын хэсгээс гэмтсэн иргэдийн талаар ямар арга хэмжээ авах талаар ярилцаж эхний ээлжинд хохирогчдын даатгалын асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. ГССҮТ-д хэвтэж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогоор дутагдсан эм, тариа байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Сүхбаатар аймгийн Тээвэр, автозамын газрын дарга Ч.Хүрэлсүхийн хэлж буйгаар уг автобусыг хот руу гарахын өмнө тус газрын байцаагчид хянаж шалгаагүй, диспетчер нь орж хараад гаргасан аж. Автобус 20.30 минутын үед Мөнххаан сумын нутагт очсон бөгөөд 21.15 цагийн үед тус сумын нутагт шаварт сууж, зам тавьж буй компанийн машин гаргаж өгчээ. Ослын шалтгааны талаар янз бүрийн таамаглал байгаа аж. Нэг хэсэг нь жолооч нойрмоглосноос замын хажуу руу онхолдож, 3-4 удаа өнхөрсөн гэж буй. Өөр нэг нь хурд хэтрүүлснээс замын огцом эргэлт дээр онхолдсон байх хэмээж байна. Орон нутгийн замд явж буй том оврын автобусууд их хурдтай явдаг бөгөөд замд нь хянах боломжгүйгээс иймэрхүү осол цаашид гарахгүй гэх баталгаа алга.
Г.РАВЖАА