Төрийн үйлчилгээний машин буюу ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд олгож байгаа лавлагаа, тодорхойлолтыг арилжааны банкууд хүчин төгөлдөр бус гэж үзэн үйлчилгээ үзүүлэхгүй, чирэгдүүлж байгаа талаар иргэд Засгийн газрын “11-11” төв болон УБЕГ-т хүртэл гомдол гаргасаар буй аж.
Иргэдийг чирэгдүүлэхгүй байх, гомдол саналыг шийдвэрлэх зорилгоор тус газар Монголбанк, арилжааны банкуудад хандаж ТҮЦ машинаас олгож буй лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн албан бичгийг тухай бүр явуулж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан ч уг асуудал шийдэгдэхгүй байгаа гэнэ. Уг нь ЗГХЭГ ТҮЦ машинаас гаргаж буй лавлагаа, тодорхойлолтоор үйлчилгээ үзүүлэхийг арилжааны банкуудад мэдэгдэж холбогдох ажлыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгасан аж.
ТҮЦ машинаар дамжуулан олгож байгаа лавлагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12, 16 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн улсын бүртгэлийн нэгдсэн сангаас гарч байгаа өндөр технологийн дэвшил, нууцлал бүхий үнэт цаасаар хэвлэгддэг. Тодруулбал, автомат машины лавлагаа нь эрх зүйн хувьд улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн архивын лавлагаа, тодорхойлолттой адил албан ёсны баримт бичиг бөгөөд төрийн үйлчилгээг тасралтг үй хүргэж байгаа үйлчилгээний нэг хэлбэр гэдгийг УБЕГ-ынхан хэлж буй. Төрийн бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд хэрэгж үүлсэн энэхүү томоохон ажлыг Монголбанк, арилжааны банкууд үл ойшоож байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
Г.ЦОЛМОН