Улсад татвар бага төлж, ашиг их олохыг зорьсон бизнес эрхлэгч гадаад, дотоодын иргэд төсөвт төвлөрч, ирээдүй хойчид хөрөнгө оруулалт болох ёстой татвараас зайлсхийх явдал гарсаар байгаа. Тийм хүмүүсийн нэг хэсэг нь гар утасны наймаачид. Манай улсад борлуулж буй гар утас, түүний дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч, холбогч, чихэвч, гэр, нүүрний наалт зэрэг зүйлсийн дийлэнхийг оруулж ирэхдээ ченжүүд гаалийн татвар болон бусад төрлийн татвар төлдөггүй аж. Тэгсэн атлаа дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй худалддагийг уншигчид гадарлаж буй. Ингэж татвараас зайлсхийж байсан, гар утасны наймаачдыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэллээ.
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд их хэмжээний гар утсыг гаалийн татвар төлөлгүй оруулж ирсэн “Тэди” төвийн ченж А, Э нарыг шалгаж эхэлсэн талаар тус төвийн наймаачид болон цагдаагийн байгууллагын эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Энэ дагуу ЗБГХТГ-ын албаны хүнээс лавлахад “Гар утасны ченж Э, А нар нь 10 хайрцаг бүхий 1300 гаруй гар утас, дагалдах хэрэгслийг гаалийн бүрдүүлэлтгүй, Замын-Үүд боомтоор нэвтр үүлэхдээ гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг илр үүлэн шалгаж байна. Шалгаж эхлээд удаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тэдний оруулж ирсэн утас хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх, хэдэн төгрөгийн татвар төлөх ёстойг шинжээчид тогтооно” гэсэн юм.
Манай улсад борлуулж буй гар утаснуудыг оруулж ирэхдээ наймаачид бараг татвар төлж байгаагүй бөгөөд онгоцоор авчирсанд нь Буянт-Ухаа дахь Гаалийн газраас багахан хэмжээгээр гаалийн татвар ногдуулдаг бололтой.
Г.РАВЖАА