Дорнод аймагт архидалт газар авч, архи уусан үедээ хийсэн хэрэг нийт гэмт хэргийн талыг нь эзэлж байна. Охид, эмэгтэйчүүд архидан согтуурах нь олширч, эрүүлжүүлэх байр хоногт 2-3 эмэгтэй “зочинтой” хонодог болжээ. Тиймээс тус аймгийн Засаг дарга ”Архидалтгүй амьдрал” хөтөлбөр хэрэгжүүлж, архинаас хамааралтай болсон иргэдэд зөвлөгөө өгөх, хэвийн амьдралд нь буцаан оруулах зорилгоор аймгийнхаа Эрүүл мэндийн газарт тусгай өрөө нээсэн байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө судалгаа хийж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 360-аад цэг, архинд донтсон 600 орчим хүн байгааг тогтоожээ. Эдгээр цэгээр борлуулж буй архи, согтууруулах ундааны борлуулалт, бусад зүйлд үндэслэн тооцоход Дорнод аймгийнхан ганц жилийн дотор гурван тэрбум төгрөгийн архи ууж байгаа нь тодорхой болжээ. Хөлөнбуйр сумын дунд сургуулийн сурагчид сумынхаа иргэдийн уусан архины шилийг цуглуулж тушаахад 10 сая төгрөг болсон байна. Ганцхан сумын иргэдийн хэрэглэсэн архины зөвхөн шил нь ийм үнэ хүрсэн гээд бодвол монголчууд бид хэчнээн төгрөгөөр гашуун ус авч, биеэ хордуулсан бол. Бодохоос ч аймаар.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг алддаг агаад эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ий 0.45-5.44 хувьтай тэнцдэг байна. ДЭМБ жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан гэж үздэг. Гэтэл манай улсын иргэн бүр жилд 23 литр архи ууж байна.
Х.ЭРХЭМ