Малчид морио мотоциклиор сольж, зарим аймгийн төвд мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх болсон. Энэ хэрээр мотоцикльтой холбоотой осол, зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрдэнэт амиа алдах нь ихэссэн. Иймээс МХЕГ импортоор оруулж ирж байгаа мотоциклийн төрөл, ангилал, гарч буй осол, зөрчлийн тоог тогтоохоор судалгаа хийсэн байна. Өнгөрсөн онд л гэхэд мотоцикльтой холбоотой 330 осол гарч, 112 хүн нас барж, 191 хүн гэмтэж бэртжээ. Эдгээр мотоцикль бүгд БНХАУ-ынх бөгөөд осол гаргасан жолооч нарын 72 хувь нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дугаар аваагүй зөрчилтэй байсан гэнэ.
Нийт ослын 51.5 хувь нь уул хадтай, бартаа ихтэй, зориулалтын замгүй газраар хурд хэтрүүлснээс гарсан бол жолооч нарын 76 хувь нь хамгаалалтын малгай өмсөөгүй, 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Түүнчлэн Дорнод, Баян- Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг мотоцикльтой 258 иргэн байгаа бөгөөд өнгөрсөн онд 10 хүн энэ тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаад амиа алджээ. Авто тээврийн тухай хууль болон холбогдох дүрэм журамд мотоцикль эзэмшигч, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай тодорхой заалт байдаггүй аж.
Иймээс МХЕГ холбогдох мэргэжлийн байгууллагаар БНХАУ-аас орж ирж байгаа мотоциклийн техник, хийцэд судалгаа хийлгэх, осол гарахад нөлөөлж буй үзүүлэлт, Монгол Улсын авто замын нөхцөл, байгаль, цаг уурын онцлогт тохирох эсэхийг тогтоолгох, импортлогчдод зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд мотоциклийн зарим нэр төрлийг импортоор оруулахыг хориглох саналаа Зам, тээврийн яаманд хүргүүлжээ. Дашрамд дурдахад, манай улсад өнгөрсөн онд 18 орны 36.9 мянга, энэ оны эхний улиралд 6.1 мянган мотоцикль импортоор оруулж ирсний 97 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн аж.
Э.ЭРДЭНЭ