Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан офицер хуурамч дугаартай, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдаагүй автомашин хөлөглөж байгааг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан шалгаж тогтоожээ. Гэвч тухайн албан тушаалтан өнөөг хүртэл уг автомашинаа хөлөглөж, тэр ч байтугай Улаанбаатарт болсон сургалтад жолоодож ирсэн гэнэ. Бидний авсан мэдээллээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, дэд хурандаа Ц.Энхбаяр уг хууль бус үйлдлийг хийж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд хэлж байна.
Тэрбээр 88-11 УБЗ улсын дугаартай, хөх саарал өнгийн “Ланд круйзер Прадо” маркийн автомашин хөлөглөж буй аж. Түүнийгээ 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ ч дурдаагүй атлаа ашиглаж байсныг шалгалтынхан тогтоож, улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийт алба хаагчдын хурал дээр мэдэгдсэн гэнэ. Түүнээс гадна 2-3 хүн хуурамч дугаар ашигладаг, хөрөнгө, орлогоо нуусныг тогтоосон гэж дүнгийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Хоёр сар орчмын өмнө уг шалгалтын дүн гарч, ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар болсон ч одоо болтол хэлэлцсэн, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтан үүнийг нууцлахыг оролдож байж ч болох. Харин АТГ-ын Хяналт шалгалтын албанаас энэ асуудлыг шалгахаар болж буй гэнэ.
Энэ мэдээллийн дагуу бид 88-11 УБЗ гэсэн серитэй улсын дугаар ямар машинд байгааг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв болон Зам тээврийн яамны Бүртгэлийн газрынхнаас тодрууллаа. Дээрх хоёр газарт байгаа албан ёсны бүртгэлд “Соната-5” маркийн автомашин уг дугаарыг өдгөө эзэмшиж буй аж. Өмнө нь “Грейс” микроавтобус ашиглаж байгаад уг суудлын автомашинтай солилцсон гэдэг нь албан ёсны бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Цагдаагийн ажилтнууд гүйцэтгэх ажлын шугамаар халхавч дугаар хэмээн өөр дугаар хэрэглэдэг ч дэд хурандаа Ц.Энхбаяр гүйцэтгэх ажил явуулах эрх хараахан аваагүй, өнгөрсөн сард ЭЦГ-т болсон энэ төрлийн сургалтад суусан аж.
Цагдаагийн алба хаагчид энэ мэт жижиг ч гэмээр хууль бус үйлдэл гаргаж байгаагаас үзвэл тус байгууллага шинэчлэгдэж байна гэдэг нь эргэлзээтэй. Авлигаас ангид, ёс зүйтэй алба хаагчидтай байж гэмээнэ цагдаагийн байгууллагын шинэчлэлийн үр дүн гарна. Тиймээс энэ мэт жижиг гэлтгүй хууль зөрчсөн алба хаагчидтайгаа хариуцлага тооцож, нийтэд мэдээлж баймаар санагдана.