Цагаан тахал хэмээн нэрлэгдэж дэлхий нийтийг түгшээгээд байгаа хар тамхины хэрэглээ манай улсад нэмэгдэх хандлагатай байгааг төрийн бус байгууллагынхан хэлдэг. Харин хууль хяналтын байгууллагынхан түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд очоогүй ч анхаарлаасаа гаргаж болохгүй хэмээж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан ийнхүү тайвшруулж байгаад зарим хэргийг сураггүй болгоод байгаа бололтой.
ЭД МӨРИЙН БАРИМТ ХЭРЭГТЭЙГЭЭ ХАМТ ЗАМХРАВ УУ
Прокурорын байгууллагад очоод сураггүй болсон хэргийн нэг бол өнгөрсөн өвөл багагүй шуугиан тарьж, олны анхаарлыг татсан гаалийн ажилтны хүүгийн хар тамхи зөөвөрлөсөн хэрэг. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхитай холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд, хилчид хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хилээр мансууруулах бодис оруулсан Бадрал гэх залууг баривчлан, Улаанбаатарт авчирсан билээ. Бүр тодруулбал, сэжигтэн Бадралыг хар тамхи хилээр зөөж авчирдаг байж болзошгүй гэх мэдээлэл ЭЦГын ажилтнууд авч, бататгахаар хилчидтэй хамтран зохих ажиллагаа явуулсны дүнд түүнийг Замын-Үүдийн Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэхэд нь саатуулсан юм. Эрээнээс Замын-Үүдэд орж ирсэн Монгол Улсын иргэн Бадралыг шалгахад “Marlboro” тамхины хайрцагт 0.916 грамм “ice” буюу “Мөс” хэмээх нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис авч явсныг баримтжуулан хураасан байдаг. Тэрбээр Гаалийн ерөнхий газарт ажилладаг ээж Нийнхээ буянаар гаалийнханд шалгуулалгүй өнгөрдөг байсан хэмээн тухайн үед хэвлэлээр бичиж байсан бөгөөд түүнийг саатуулагдан Улаанбаатарт авчирч, цагдан хорих болоход ээж нь танил тал, ар өврийн хаалга хэрэглэн байж, прокурорын байгууллагаас цагдан хорих шаардлагагүй гэсэн шийдвэр гаргуулсан юм.
Түүнээс хойш ЗБГХТГ-т уг хэргийг шалгаж, түүний хилээр оруулж ирсэн 0.916 грамм бодисыг метамфитамины төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодис гэдгийг шинжээчид тогтоожээ. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилж үүлсэн ч сураггүй болжээ. Хэргийг шалгасан ЗБГХТГ-ынхан мөрдөн байцаалт дуусаж, хоёрдугаар сарын үед яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэсэн юм. Гэвч прокурорын байгууллагад очоод хэрэг замхарчээ. Үүнийгээ дагаад нотлох баримт нь хэрхсэн нь тодорхойгүй болсон байна. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар прокурорын байгууллагынхнаас лавлахад “Сайн мэдэхгүй байна. Хэрэгсэхгүй болсон байх” гэсэн хариу сонссон юм.
Харин өчигдөр бидний авсан мэдээллээр Бадралд холбогдох хэргийг хэрэгсэхг үй болгосон байсныг сэргээн шалгуулахаар болсон гэнэ. Хууль хяналтын байгууллагынханд олны анхаарал татсан, нийгмийг цочирдуулсан, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц энэ мэт хэргийг “цавчих” ашиг сонирхол байгаа бололтой.
Хар тамхины хэргийн холбогдогч хилээр орж, гарсан нь тодорхой, гадаад паспорт дээр тамга дарагдчихаад байхад хилээр мансууруулах бодис оруулж ирснийг нь тогтоогоогүй хэмээн хэрэгсэхгүй болгодог зуршилтай хүмүүс. Бадралд холбогдох хэрэгт шүүх хэрхэн хандахыг харах л үлдэж байна. Магадгүй хилээр хар тамхи оруулж ирсэн нь тодорхой хэргийг үл ялих зүйлээр шалтаглаж хэрэгсэхгүй болгох эрдэм шүүгч, прокуроруудад бий болохоор хэрэг хийгээгүй болгож, “мөс”-ийг нь алга болгохыг ч үгүйсгэхгүй.
ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИН ШАЛГУУЛЖ БАЙХДАА ДАХИН ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хоёр жилийн өмнө шалгаж байсан Э.Баасанжаргал нарын хоёр хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж, дахиад л нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Уг хэргийн холбогдогч нар өмгөөлөгчийн найруулсан жүжгийн дагуу мэдүүлгээ удаа дараа өөрчилж, янз бүрийн тайлбар өгч, уг хэрэгт холбогдолгүй хэн нэгэн хүнийг холбоотой мэтээр ярьсаар өмнөх хэргээ Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгасан юм. Хавтаст хэрэг мөрдөн байцаах байгууллагад ирэх хооронд сэжигтэн Э.Баасанжаргал бусдын батлан даалтад байсан гэнэ. Энэ үедээ тэрбээр мансууруулах бодис худалдахаар автомашиндаа авч яваад үйлдэл дээрээ хууль хяналтын байгууллагынханд баригдсан аж.
Эндээс харахад шүүгч, өмгөөлөгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж гэмт этгээд давтан хэрэг үйлдсэн нь тодорхой болсон. Нэмэлт мөрдөн байцаалтаар Э.Баасанжаргалын ярьсан хар тамхи заруулахаар өгсөн гэх хүн нь Монголд байхгүй нь тогтоогдсон байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Э.Баасанжаргалаас мансууруулах бодис худалдаж авсан хүн нь “Би тийм хүн танихгүй. Э.Баасанжаргалаас тодорхой хэмжээний мөнгө өгч худалдаж авсан” гэж мэдүүлж, авсан өгсөн нь тодорхой байхад шүүх хэргийг шийдвэрлэхгүй байгаа нь хачирхалтай. Магадг үй хуулийн байгууллагынханд нөл өөлж, хэргийг удаашруулах, эцэст нь алга болгох сонирхол бий байх.
ЯПОНЫ ИРГЭНИЙГ ГҮТГЭСЭН ХАР ТАМХИЧДЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Японы “Суруга” корпорацийн хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компанийн захирлуудын нэг 67 настай Цүнэяки Хараг 2012 оны хоёрдугаар сарын 28-нд манай хууль хяналтын байгууллагаас хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Гэвч “Палас” зочид буудлын өрөөг түрээслэн амьдарч байсан түүнийг манай улсын иргэд гүтгэсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Түүнээс хойш энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй хоёр жилийн нүүр үзсэн. Уг хэргийг түдгэлзүүлсэн байсныг ЗБГХТГ-аас сэргээн шалгасны дүнд прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэрэгт И.Тэргэл, Т.Гочоосүрэн, Ц.Билгүүн нар холбогдсон. Тэд бие биеэсээ олсны төрлийн каннабис худалдан авч хэрэглэдэг нь тогтоогдсон юм. Т.Гочоосүрэн нь Японы иргэн Цүнэяки Харатай хамт ажилладаг байсан бөгөөд үүнийхээ дагуу амьдарч байсан зочид буудлын өрөөнд нь орж, гардаг байсан гэдэг. Ингэж байхдаа түүний өрөөний орон дор каннабис аваачиж орхин улмаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн болох нь тогтоогджээ.
Уг хэргийг прокурорын байгууллагаас түдгэлз үүлэх тогтоол гаргаж, хэсэг хугацаанд шалгалт хийлгүй орхиж байгаад өнгөрсөн хавар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос дээрх гурван хүнд бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, мансууруулах бодис олж авсан, борлуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх удахгүй хэлэлцэх аж.