Авто машины осол өнгөрсөн оны мөн үеийнхээс ихэссэн байна. Замын эвдрэл, жолоочийн анхаарал болгоомжгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн болон шороон замд хамгаалалтын малгайгүйгээр мотоцикль унасан зэргээс хамааран орон нутагт гарсан автомашины осол 47.3 хувийг эзэлж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар 769 осол гарснаас 364 нь орон нутагт, 148 хүн амь насаараа хохирсноос 92 нь орон нутгийн замд гарсан осолд өртжээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтэс орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигч, камер байрлуулж, шалган нэвтрүүлэх цэг гаргаж эхлээд байгаа.
Мөн осол их гарч байгаа газарт эргүүлийн цагдаа ажиллуулах юм. Мотоциклиос шалтгаалсан осол гэмтлийг шалгаж үзэхэд 96 хувь нь хятад мотоцикль байжээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиос үүдэлтэй хайлшин обудтай, доргилтын хамгаалалтгүй, зөвхөн хатуу хучилттай замд явах зориулалттай. Гэтэл иргэд шороон замаар туучиж, хамгаалалтын малгай өмсдөггүй нь хятад мотоцикльтой холбоотой осол ихсэхэд хүргэжээ. Орон нутгийн ослын дийлэнх нь Төв аймагт гарчээ. Мөн орон нутгийн замын эвдрэл гэмтлийг судлахад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Архангай аймгийн зам эвдэрч хар нүх үүссэн, зам буруу тавигдсан нь осол ихсэх шалтгаан болжээ.
Осол хамгийн их гардаг замуудыг судалжээ
Хот хоорондын болон орон нутгийн замд гарч буй осол, аль зам жолооч, зорчигчдод халгаатай байгааг аймгуудын Мэргэжлийн хяналтын газар судалжээ. Тэрхүү судалгаанаас үзвэл 2013 он, энэ оны эхний дөрвөн сард улсын болон орон нутгийн зам, гүүрэнд 638 осол гарч, 68 хүн амиа алдан, 90 гаруй хүн гэмтжээ.
Хамгийн их осол гарч буй замууд:
• Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч, 11 хүн баржээ. Уг уулзварыг өөрчлөхөөр зураг төслийг нь боловсруулсан ч хөрөнгө мөнгийг нь шийдээгүй байгаа аж.
• Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэрийн замыг тогтмол засаж арчилдаггүй аж. Энэ замаар том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд долоон осол гарчээ. Ерөө голын 153 метр, Түнхэлийн 134.5 метр урт модон гүүрэнд их засвар хийгээгүйгээс хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна.
• Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Шивээх үрэн боомт чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу. Энэ замд хурд хэтрүүлснээс 2013 он болон 2014 оны эхний дөрвөн сард 19 осол бүртгэгдсэн.
• Төв аймгийн замд 324 осол бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сум дахь модон гүүрүүд ихээхэн эвдэрчээ. Улаанбаатар- Зуунмодны замыг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар хийгээгүй. Энэ замд он гарсаар есөн осол гарч, таван хүн нас барсан.
• Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгээг үйгээс ихэнх хэсэг нь эвдэрч, шаардлага хангахг үй болсон.
• Замын-Үүдээс улсын хил хүртэлх замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгджээ.
• Дархан-Эрдэнэт чиглэлд Их Хөшөөтийн давааг давж, Эрдэнэт рүү уруудах зам, Бага Хөшөөтийн даваанд 13 ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн. Орхон аймгийн Шанд, Рашаант баг руу зам тавихдаа трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүй нь зам, тээврийн 35 осол гарахад хүргэжээ.
• Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн гэмтсэн. Иймээс зам, тээврийн осол их гардаг “Хар цэг”-ийн судалгааг Замын цагдаагийн тасагтай хамтран гаргаж, Зам, тээврийн яаманд хүргүүлжээ.
• Арвайхээр, Улаанбаатар-Баянхонгор, Хархорин-Хужирт-Цэцэрлэг-Өгий нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, дөрвөн замын уулзвар газарт 2013 оноос хойш 79 осол гарчээ.
• Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна.
Т. БОЛОР-ЭРДЭНЭ