Зэвсэгт хүчинд алба хааж буй хугацаат болон гэрээт цэргүүдийг ЗХЖШ болон тухайн ангийн удирдлагатай гэрээ байгуулж, барилгын ажилд туслуулдаг. Өнгөрсөн хавар гэхэд Дорноговь аймгийн Сайншанд суманд барьж буй орон сууцны барилгад ажиллаж байсан Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч Б.Чинзориг өндрөөс унаж хүнд гэмтсэн. Үүний хариуцлагыг тус ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа З.Тогоо үүрч, албан тушаалаасаа чөлөөлөгдөөд буй. Энэ хэргийн дараа ЗХЖШ болон БХЯ-аар “Хугацаат цэргийн алба хаагчид бол барилгын туслах ажилчин биш. Тэд эх орноо батлан хамгаалах эрдэмд нэг жилийн хугацаанд суралцаж буй залуус. Тиймдээ ч улсаас нэг жилийн хугацаанд тэднийг үнэ төлбөргүй хооллож, ундалж байгаа. Цаашид зам, барилгын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулах, эсэх асуудалд хариуцлагатай хандах ёстой” хэмээн маргаан дэгдсэн юм. Гэвч 336 дугаар ангийн байлдагч гэмтсэнээс хойш нэг сарын дараа Зэвсэгт хүчний 016 дугаар батальонд алба хааж буй хугацаат цэргийн дөрвөн алба хаагч манай улсад ажиллаж буй гадаадын иргэдэд зодуулжээ. Үүнийг ЗХЖШынхан ихэд нууцалж, тусгай хүн томилон цэргүүдийн ар гэрийнхэн болон барилгын гэрээт харуул хамгаалалтын алба, гадаадын иргэдийн амыг таглах арга хэмжээ авсан сурагтай.
Баттай эх сурвалжаас бидэнд өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд барьж буй хувийн компанийн орон сууцны барилгад 016 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдаас нэлээд хэдэн залууг ажиллуулж байсан гэнэ. Уг барилгад юм уу, эсвэл зэргэлдээ барьж буй орон сууцны барилгад хойд солонгосчууд ажиллаж буй юм байна. Гэтэл ажил тарах үед хойд солонгосчууд манай цэргийн алба хаагчдын дунд үл ойлголцол үүсэж, хоорондоо зодолджээ. Энэ үед харийнхан манай залуусыг төмөр, мод, чулуугаар цохисноос цэргийн 3-4 алба хаагч гэмтсэн гэнэ. Гэмтсэн цэргийн алба хаагчдыг ГССҮТ болон Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргээгүй бөгөөд харин хувийн эмнэлгүүдээр эмчлүүлж буй аж.
Энэ талаар ЗХЖШ-ын эрх бүхий албан хаагчдаас тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Зэвсэгт хүчний 016 дугаар ангийнхан болон барилгын гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудаас тодруулахад “Тийм асуудал болсон нь үнэн” гэхээс илүү зүйл ярихыг хүссэнгүй.
Г.РАВЖАА