“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэргээр найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн тус компанийн дэд захирал асан Ч.Хоролсүрэн ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь хорих ангид ял эдэлж буй. Түүнийг өнгөрсөн долоо хоногт хорих ангиас нь нийслэлд шилжүүлэн Цагдан хорих ангид авчирчээ. Ийн авчирсан нь Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарт холбогдох шинэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаах болсонтой холбоотой аж.
Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Электрон тийзийн дэмжлэгийн төлбөр нэрээр компаниасаа 300 орчим мянган ам.доллар гаргуулан авч, завшсан гэж буруутгаж буй юм. МИАТ компани 2007 оноос электрон тийз борлуулах систем ашиглах болжээ. Дашрамд дуулгахад, электрон тийз борлуулах систем гэдэг нь зорчигчийн тасалбарын бүх мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах программ аж.
Тус компани Олон Улсын Иргэний агаарын тээврийн байгууллага (ИАТА)-ын гишүүний хувьд 2008 оны тавдугаар сарын 1 гэхэд электрон тийзийн систем хэрэгжүүлэхийг үүрэг болгосны дагуу шилжсэн гэх юм билээ. Үүний төлбөрт Хонконгод бүртгэлтэй нэгэн компанийн данс руу 2008 оны наймдугаар сард 300-гаад мянган ам.доллар МИАТ-аас шилжүүлж, улмаар манай арилжааны нэгэн банкаар дамжин дээрх хүмүүсийн өмнө үйлдсэн хэрэгт хамтран оролцсон хэмээн шалгуулж байсан Н.Гантөмөр, О.Тамир нарын данс руу орсон юм байна.
Г.РАВЖАА