Монгол Улс оршин тогтнохын эх үндэс нь хил хязгаарын бүрэн бүтэн байдалтай салшгүй холбоотой. Иймээс хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэг, техник нэвтрүүлэх зорилтын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ) өнгөрсөн баасан гаригт хээрийн үзүүлэх сургуулилалтыг Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулсан юм. Уг үйл ажиллагааг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын 20 орчим гишүүн үзэж, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй танилцлаа. ХХЕГ-ын Хил хамгаалах албаныхан 2013 оны зургадугаар сараас хойших жилийн хугацаанд 6.5 кг алт, БНХАУ-д 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байгалийн болон үнэт чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үед нь илрүүлжээ. Иргэд алтыг машиныхаа сэлбэгэнд хийх, гинж болгож, мөнгөний уусмалд оруулах зэргээр хил нэвтрүүлэх арга нь нарийссан гэнэ. Түүнчлэн чулууны наймаа эрхэлдэг бүлэглэл бий болсон байна.
Хятадууд байгалийн чулууг кг-ыг нь 45.000-85.000 төгрөгөөр худалдаж аваад, цааш нь 120.000- 540.000 төгрөгөөр зардаг аж. Хилчид жилд дунджаар байгалийн 500-1000 тн чулуу хураадаг юм байна. Ямар сайндаа л тэд хураасан чулуугаа Зайсан толгойтой дүйнэ хэмээн ярьж байх вэ дээ. Гэхдээ хилээр байгалийн чулуу гаргах гэж байсан нь хавтаст хэрэг үүсгэх шалтгаан болдоггүй гэнэ. Учир нь хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байдаггүй. Мөн ховор ан амьтан, тэдгээрийн эд эрхтнийг хилээр гаргах гэмт хэрэг багасахгүй байна. Тухайлбал, жилийн хугацаанд баавгайн толгой, хойлог, 400 кг бугын эвэр, зээрийн 126 шуудай мах, чонын 100 гаруй шуудай арьс, үнэг, хярсны 280 арьс, хөлдөөсөн 200 орчим чоно, бурхан шашны холбогдолтой 200 гаруй ховор эд зүйлийг Монголын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.
БНХАУ-Д 300 ГАРУЙ МОНГОЛ ОХИН БИЕЭ ҮНЭЛЖ БАЙНА
Хилийн тагнуулын албаныхан БНХАУ-д 300 гаруй монгол охин биеэ үнэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Тэдний 70-80 хувь нь сайн дураараа биеэ үнэлдэг гэнэ. Түүнчлэн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор хайрцганд хүн нууж, 3000- 5000 юаниар гаргадаг тусгай бүлэглэл байсныг тогтоож, саатуулсан аж. Мөн сүүлийн үед өвөрмонгол иргэд улс төрийн үзэл суртлаар хавчигдан гадуурхагдсан гэдэг шалтгаанаар хил зөрчих нь нэмэгдсэн байна. Тэднийг НҮБ-ын Хүний эрхийн хороотой холбож өгдөг ч, зарим нь хүнд гэмт хэрэгтэн байх нь ч бий гэсэн. Бичиг баримт, штамп хууль бусаар үйлддэг, сум, буу оруулж ирдэг бүлэглэлүүд бий болсон аж. Ийм нэг бүлэглэлийг хилийнхэн илрүүлсэн байна. Хилээр гаргахыг хориглосон зүйлд хилийнхэн 2005-2008 онд хэрэг бүртгэл хийгээд, улсын орлого болгодог байсан бол 2008 оноос холбогдох байгууллагад хүлээлгэн өгдөг болжээ.
МАНАЙ НЭГ, ТАВ, 10, 20 ТӨГРӨГИЙГ ХЯТАДУУД БУРХАН БОЛООЧИЙНХОО ШАРИЛ ДЭЭР ШАТААДАГ
Манай иргэд нэг, тав, 10, 20 төгрөгийг бэлэг дурсгалын зориулалтаар хэмээн БНХАУ руу гаргах болсон байна. Үүнийг судлахад манай мөнгөн тэмдэгтийг Хятадын иргэд бурхан болоочийнхоо шарил дээр шатаадаг болох нь тогтоогджээ. Мөн манай хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирэх нь ихсэх хандлагатай байгаа аж. Ойрын жишээ гэхэд, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 4-5-нд шилжих шөнө 68 гр мөс, 11 гр мансууруулах бодис оруулах гэж байсан гурван монгол иргэн саатуулагдсан байна. Тэд энэ бодисоо өөрсдөө хэрэглэх бус, бусдад борлуулах зорилгоор оруулж иржээ. Энэ бодисын 0.98 гр нь л гурван сая төгрөгийн үнэд хүрдэг гэнэ. Түүнчлэн иргэд юунд зориулагдсан нь мэдэгдэхгүй, их хэмжээний эм оруулж ирэх нь нэмэгдсэн аж. Хилчид жилийн хугацаанд 82 төрлийн 300 гаруй эм хураажээ.
28 ЭМНЭЛЭГ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХОЁРХОН МАШИНТАЙ
Хил хамгаалах байгууллагад хүн эмнэлгийн 28 салбар байдаг аж. Эмнэлэг нь хилчдээс гадна тэр бүс нутаг дахь иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эхо, зүрхний бичлэг хийхээс гадна шээс, цусны шинжилгээ авдаг. Харин тэндээ эмчлэх боломжгүй өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар хил хамгаалах байгууллагад эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин хоёрхон байдаг аж. Нэг нь Улаанбаатар хотод байрлаж, отрядуудаар явж, урьдчилан сэргийлэх үзлэг хийн, хилчдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэдэг бол нөг өө нь Өмнөговь аймгийн Овоотын отрядынх. Эмнэлгийн яаралтай тусламжийн машин тоног төх өөрөмжтэйгээ нийлээд 124 сая төгрөгийн үнэтэй. Ийм машин зайлшг үй шаардлагатай, төвөөсөө 250 км-ээс алсмагдмал отряд 2-3 байдаг гэнэ.
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БОЛНО
Улсын хил хамгаалахад ашиглаж байгаа техник, хэрэгсэл хоцрогдож, хуучирсныг холбогдох албаны хүмүүс онцолж байсан. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хил хамгаалах байгууллагын техник хэрэгслийг орчин үеийнх болгохгүй бол хүний хүчээр бүх зүйлийг хийхэд түвэгтэй болсон. Мөн энд ажиллаж байгаа хүмүүсийг мэргэшүүлэх шаардлагатай байна. Одоо цэрэг татлагаар ирсэн иргэд хил хамгаалж байгаа. Цаашид нийт бие бүрэлдэх үүнийг гэрээт цэрэг болгоход анхаарна. Нисгэгчгүй нисдэг биет, камерын хяналт, хөдөлгөөн, дулаанаар илр үүлэгч гэх мэт хил хамгаалалтын орчин үеийн дэвшилт техник шаардлагатай байгаа. Хил хамгаалах байгууллагыг Зэвсэгт хүчний болон хууль сахиулах 50, 50 хувийн чиг үүрэгтэй болгож хууль эрх зүйн шинэчлэл хийнэ” гэв.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ