“Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулан, бараа материал нийлүүлэх, ажил үйлчилгээ гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөр авсан хэрнээ гэрээгээ биелүүлээгүй 160 компани байгаа аж. Эдгээрээс “Эрдэнэт” үйлдвэр нийт 60.8 тэрбум төгрөгийн авлагатай юм байна. Тус үйлдвэрийн Өр барагдуулах алба өнгөрсөн сард 60 компанийн 24.8 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ.
Ингэхдээ “Дунд цуур” компаниар 10.1 сая, “Угалз энх” компаниар есөн сая, “Бес импраструктур холдинг” компаниар 788 мянга, “Пром-Амулет” компаниар 420 мянган төгрөг бэлнээр төлүүлсэн бол “Эрдэнэт Улаан овоо” компаниас 64.3 сая, “Жугамт” компаниас 20 сая төгрөгийн авлагаа байгууллага хоорондын тооцоогоор барагдуулжээ.
“Эн Со корп” компаниас 244 сая төгрөгийн авлагадаа нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөөтэй хоёр айлын байр, “Монгол сигар” компаниас 81 сая төгрөгийн үнэтэй “Лексус 470” машин авсан байна. Мөн “Нутромикс” компанийн төлөх ёстой 750 мянган ам.долларын өрийг “Моннис интернэйшнл” компани хариуцахаар болж, “Ниссан теана” маркийн таван автомашин, “Ниссан урбан” маркийн бага оврын хоёр автобусаар төлжээ.