Зайсангийн аманд барилга барих нь хэрээс хэтэрч, тус хэсэгт амьдарч буй гэр хорооллын 500 гаруй айлын төлөөлөл болсон иргэд эрх ашгаа хамгаалахаар тэмцээд нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ. “Барилгын компани айлын гэрийг оруулаад хашаагаа татчихсан байгаагаас гэртээ орж чадахаа больсон айлууд хөлсний гэр, байшинд суух тохиолдол цөөнгүй гардаг. Холбогдох газарт нь хэлэхээр тоодоггүй” гэж иргэд гомдоллодог ч асуудлыг шийдэлгүй өдий хүрсэн. Тэдний энэ асуудал дээр бас нэг зүйл нэмэгдэж, Чингис хааны хөрөгтэй уулыг “булааж”, байшин барих гэж байгаа аж. Энэ талаар “Экологи Зайсан” тэргүүтэй төрийн бус байгууллагын төлөөллүүд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэд өчигдөр мэдээллээ.
Богдхан уулын энгэр, Ум уулнаа 2006 оны долдугаар сард “Хан Алтай” төрийн бус байгууллагын гишүүд Чингис хааны хөргийг цагаан чулуугаар бүтээжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан урласан уг хөрөгт 20 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Өдгөө хөргийн мөр, толгойг нь дайруулан, торон хашаа татаж, барилга барьж эхлээд байгаа аж. Иргэд дархан цаазат уулыг сэндийлэн, барилга барихыг эсэргүүцсэн ч үр дүнд хүрч чадалгүй, зарим нь шүүхэд дуудаг даад байгаа гэнэ. “Далд хүн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Жагар “2008 онд Одсүрэн гэдэг хүний нэр дээр Чингисийн хөрөг орчимд долоон га газар авсан байдаг юм билээ. Гэхдээ цаад эзэн нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Энэ жил газрынхаа зөвшөөрлийг сунгах үед хэмжээ нь таван га болж багассан байсан. Судлаад үзтэл дутсан хоёр га газрыг АПУ компанид зарж, тус компани АПУ хотхон барьсан байна лээ.
Дархан цаазат газрын тухай хуульд “Газар эзэмшиж, ашиглаж буй иргэн бусдад шилжүүлж, зарахыг хориглоно” гэж заасан. Энэ хуулийг зөрчин, газраа зараад зогсоогүй Гүндалай, Одсүрэн нар шөнөөр бөхчүүд авчирч, иргэдийг дарамталсан. Энэ үеэр нь би очиж “Та нар ингэж болохгүй” гэснийхээ төлөө бусдын өмч хөрөнгийг устгаж, шамшигдуулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байна. Уг нь Гүндалай, Одсүрэн хоёр дархан цаазат газрыг сэндийчиж, бөхчүүд авчирч, иргэдийг, намайг төдийгүй ар гэрийнхнийг минь дарамталсныхаа төлөө шийтгүүлэх ёстой. Хоёр га газар хаачсан бэ гэдгийг Авлигатай тэмцэх газраар шалгуулна. Энэ асуудлаас болоод надтай адил хэлмэгдэж, шүүхээр шалгуулж буй, хорооны хэсгийн ахлагч хийдэг гурван хүн бий” гэлээ.
“Экологи Зайсан” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Өнөржаргал “Бид Чингисийн хөрөг зурагтай уулыг бүрэн бүтнээр нь байлгаж өгөөч гэж УИХ, Засгийн газраас гуйж байгаа юм. Энэ газрын эзэмшигчийн нэр цаасан дээр О.Одсүрэн гэж байгаа ч цаана нь УИХ-ын гишүүн Л.Гүндалай байдаг. Энэ уулаа хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээе гэсэндээ БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгээс “Иргэн О.Одсүрэнд өгсөн зөвшөөрлөө эргэж хараач ээ” гэж хүсмээр байна. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдэхг үй бол уулыг нэг захаас нь ухаад эхэлсэн. Эхний байшингуудаа ч барьсан. Чингисийн хөрөгтэй уул бол дархан цаазат газар. Тиймээс төр, засаг анхаарлаа хандуулах болов уу гэж найдаж байна” гэв.
Ч.МӨНХЗУЛ