ШӨХТГ-ын дарга О.Магнай уржигдар хэвлэлийн хурал хийж, МУИС-ийн захирал оюутан шилжүүлэн суралцуулахдаа их хэмжээний мөнгө авсан тухай мэдээлсэн. Тэгвэл энэ талаар А.Галтбаяраас тодрууллаа.
-Таныг 2013, 2014 онд оюутан шилжүүлэн суралцуулах тушаал гаргаж, 347 сая төгрөг авсан гэсэн. Оюутнуудаас шилжүүлсний төлбөр авахыг ямар журмаар зохицуулсан байдаг вэ?
-Энэ бол би санаачлаад, гэнэт гаргаад ирсэн зүйл биш. 1998 онд гарсан МУИС-ийн оюутан шилжүүлэх журмаар зохицуулагддаг. Энэ мөнгө сургуульд биш хувь хүмүүсийн халаасанд ордог, авлигын шинжтэй байсныг зогсоох зорилгоор анх журам гаргасан юм билээ. Журамд ямар сургуулиас хэдий хэмжээний төлбөр авахыг жил бүр шинэчлэн тусгадаг. Намайг хувьдаа мөнгө авсан юм шиг яриад байна. Тийм биш. Энэ мөнгө МУИС-ийн дансанд орж, сургалтын үйл ажиллагаанд зарцуулагддаг. Надад өгсөн мэдээллээр энэ жил 100 гаруй оюутны шилжилт хөдөлгөөнөөс сургуульд 203 сая төгрөг орсон гэсэн.
-Нэг оюутан шилжихийн тулд хэдий хэмжээний төгрөг төлдөг вэ?
-Мэргэжлийн чиглэл, сургуулиасаа хамаараад харилцан адилгүй. Ер нь сургалтын төлбөрийг 0.5-2 дахин нэмэгдүүлж төлдөг. Гэхдээ зөвхөн мөнгө төлөөд шилжчихдэггүй. Голч дүн гурваас дээш, тухайн чиглэлээр нэгээс доошгүй жил суралцсан гэх мэт тодорхой шалгуур хангасан хүмүүс хүсэлтээ өгч, тэднээс шалгалт аван, комисс шийдвэрээ гаргадаг. Сургуулийн удирдлага үүнд оролцдоггүй.
-Та ШӨХТГ-ыг шүүхэд өгч, шүүхээс таныг оюутнуудын төлбөрийг буцааж олгох шийдвэр гаргасан гэсэн.
-ШӨХТГ-аас бидэнд энэ журмыг хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсэн. Бид буцаагаад О.Магнай даргад гомдол гаргасан. Учир нь тэдний дүгнэлт нь хүлээн зөвшөөрөх аргагүй, ШӨХТГ-ын эрх, хэм хэмжээнээс хэтэрсэн байсан. Гэтэл О.Магнай дарга бидний хүсэлтийг хүлээн аваагүй. Иймээс бид шүүхэд хандахаар болсон. Гэхдээ яг хандчихаагүй. Шүүхийн шийдвэр гараагүй, зөв, буруу нь тогтоогдоогүй байхад хэвлэлээр А.Галтбаяр хувьдаа мөнгө авчихсан мэтээр ярьж байна.
-Одоо энэ журмыг өөрчлөх үү. Эсвэл энэ хэвээр нь байлгаад байх юм уу?
-Бид шилжилт хөдөлгөөнийг ирэх жилээс бүрмөсөн зогсоохоор ярьж байгаа.
-Кредитийн зөрүү гарсан гээд танай оюутнууд жагсаал хийсэн. Яагаад ийм асуудал үүсэв?
-2010-2011 оны хичээлийн жил хүртэл оюутнууд Удирдах зөвлөлөөр тогтоосон жилийн дундаж төлбөр төлдөг байсан. Харин 2010-2011 оны хичээлийн жилд Удирдах зөвлөлөөс анх удаа нэг кредитийн төлбөр бий болгосон. Гэхдээ жилийн дундаж төлбөр нь байсан юм. Дараа жилээс нь дундаж төлбөрийг болиод, кредитийн төлбөр л авдаг болсон. Гэтэл Сургалтын албаныхан зарим сургуулийн оюутнуудаас хуучнаар нь буюу жилийн төлбөр аваад, кредитээр аваагүй юм билээ. 2010-2011 оны Удирдах зөвлөлийн тогтоол хоёр утгатай байсан учраас бид зөрүүг тооцохгүй байгаа. Харин 2011-2012 оны сургалтын төлбөрийг кредитээс тооцож авахаас аргагүй. Оюутнууд “Кредитийн төлбөрийн зөрүүг дөрөвдүгээр курст хэлсэн. Иймээс бид төлөхгүй” гэсэн. Бид “Энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр шийдүүлье. Тэр болтол хүүхдүүдээс өргөдөл авъя” гэж шийдсэн.
Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бид дур мэдээд хүчингүй болгох эрхгүй. Оюутнуудтай ярилцаж, тохирсон. Кредитийн зөрүүтэй 300-400 оюутан бий. 159 нь өргөдлөө өгсөн. Хэдэн жилийн өмнө төлөх ёстой байсан кредитийн төлбөрийг бүтцийн өөрчлөлттэй холбож байгаа хүмүүс ч байна. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор нэг ч хүнийг ажлаас халаагүй, цалинг нь бууруулаагүй.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ