70 сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг манай улсаас хууль бусаар гаргаж, АНУ-д сая гаруй ам.доллараар худалдах гэж байсан тус улсын иргэн Эрик Прокопид Нью-Йорк мужийн шүүхээс гурван сар хорих ял оноожээ. 39 настай, “Ясны ангууч” гэгддэг Э.Прокопиг 2012 оны аравдугаар сард баривчилсан бөгөөд хоёр сарын дараа хэргээ хүлээсэн юм.
Нью-Йоркийн шүүх түүнийг “Эртний чулуужсан ясны, нэг хүний хар зах” гэсэн бол Э.Прокопи шүүх хуралдааны үеэр “Буруу зүйл хийснээ хүлээж байна. Хийсэн хэргээ хэчнээн муу үр дагавартай байхыг тооцоолоогүй нь миний буруу” гэсэн байна. Тэрбээр Батаараас гадна Тиранозаврын төрлийн өөр нэг үлэг гүрвэлийн бүрэн шахам арга яс, нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг палеонтологийн 18 үнэт олдворыг хууль бусаар зөөвөрлөж, дамлан худалдсан гэдэг.
Г.ДУЛАМ