УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хөдөө ажлын “Ланд круйзер-200” маркийн 00-94 УБЗ дугаартай автомашиныг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт осолдуулсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан юм. Тухайн үед уг автомашиныг “Геомин” гэх компанийн ерөнхий инженер Б.Оргил жолоодож яваад онхолдуулсан аж.
Төр, засгийн үйлчилгээний автобаазын дансанд бүртгэлтэй уг машиныг Б.Оргил яаж авч явсан нь хавтаст хэрэгт байхгүй ч тус баазын төлөөлөгч түүнээс 23 сая төгрөг нэхэмжилжээ. Энэ тухай хавтаст хэрэгт тус баазын ерөнхий инженер Н.Наранбаатар “2013 оны арваннэгдүгээр сарын 19-нд өдөр автобаазын даргаас 00- 94 УБЗ дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Осол болохоос 14 хоногийн өмнө тухайн машинд техникийн үйлчилгээ хийсэн. Тосны болон агаар шүүгчийн шүүр захиалгад өгсөн. Уг машин шинэ, ойролцоогоор 3000 орчим километр явсан байсан. Б.Оргилд шинэ машин хүлээлгэж өгсөн учир шинэвтэр машин нэхэмжилж байна” хэмээн мэдүүлжээ.
Уг машиныг жолоодож явсан Б.Оргил замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргасан гэж техникийн шинжээч дүгнэжээ. Налайх дүүргийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны III шүүхэд уг хэргийн хэлэлцээд Б.Оргилд дөрвөн сар баривчлах ял шийтгэж, Төр, засгийн автобаазад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.