Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицер, ахмад Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын шүүх шийдвэрлэж чадалгүй удааширч байна. Тэрбээр 2011 онд иргэн Н.Золзаяагаас “Дүүгийн чинь хэргийг нааштайгаар шийдвэрлүүлж өгнө” хэмээн хоёр сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм. Уг хэрэгт прокурорын байгууллагаас бусдын эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд таньдаг шүүгчид хуваарилагдсанаас янз бүрийн шалтгаанаар хурлыг хойшлуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах зэргээр аргацааж буй гэнэ.
Хамгийн сүүлд гурав дахь удаагаа анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд прокурор эсэргүүцэл бичсэнээр өнгөрсөн долоо хоногт давж заалдах шатны шүүх цагдаагийн ахмад Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэлэлцжээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн анхан шатны шүүхэд буцаасан аж. Өмнө нь ч мөн хоёр удаа ийм байдлаар буцааж байжээ.