Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 10 жил болж байна. УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн, одоогийн УИХ-ын дарга З.Энхболд, тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүний алба хашиж буй Д.Сугар нарын маргаан тус шүүх анхны хэрэг байсан гэдэг.
Түүнээс хойш 10 жилийн хугацаанд 3000 хэрэг шийдвэрлэснээс төрийн албатай холбоотой, тэр дундаа ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны тэтгэмж нэхэмжилсэн гэх маргаан нэлээд хэсгийг нь эзэлж буй. Энэ төрлийн маргаан жил бүр нэмэгдэж байгааг ШЕЗ болон Улсын Дээд шүүхээс гаргасан судалгааны дүн харуулдаг.
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДСАН ХҮМҮҮСТ 209 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР НӨХӨН ОЛГОЖЭЭ
Захиргааны хэргийн шүүхэд хандаж, ажилдаа буцаан орох, мөн хугацааны цалингаа нэхэмжилсэн гомдлын дийлэнхийг тус шүүх иргэдэд ашигтай буюу байгууллагын удирдах албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасныг тогтоожээ. Нэг жишээ дурдахад, ЗХЖШын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тус албан тушаалд томилогдсоныхоо дараахан олон хүнийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн. Зарим офицер түүний энэ шийдвэрийг эсэргүүцсэн бол нөгөө хэсэг нь цэргийн хүн тушаалаар явах ёстой хэмээн ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. ЗХЖШ-ын даргын шийдвэрийг эсэргүүцсэн зарим офицер Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр ЗХЖШ-аас гаргуулсан. Захиргааны хэргийн шүүхээр ажилдаа эргэж орох шийдвэр гаргуулсан хүмүүст судалгаа хийж, төрийн 88 албан хаагчийг хамруулж үзэхэд олонх нь ажилдаа эргэж ороогүй байжээ. Төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй 308 хэргийг Улсын Дээд шүүх хяналтын шатны журмаар шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь сэргээжээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүний зарим нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговор авах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд 101 хүнд 209.1 сая төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэсэн аж. Харамсалтай нь, уг мөнгийг төсвийн байгууллагын удирдлагын хууль бус шийдвэрээс болж халагдсан хүнд олгож байхад уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүй, байгууллага болон татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭН Ч БАЙСАН БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙМААР
Монгол Улсын Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчимтай. Гэтэл зарим албан тушаалтан хуулиас дээгүүр жаалж, шүүхээс ажилд нь эгүүлэн ав гэсэн шийдвэр гаргачихаад байхад биелүүлэхгүй тохиолдол цөөнгүй гарч байна. Шүүхийн шийдвэрийг үл ойшоодог явдал сүүлийн хоёр жилд эрс өсөж буй гэх мэдээлэл ч бий. Дээр дурдсан ЗХЖШ-ын даргатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх 2-3 жилийн өмнө шийдэж, халагдсан офицеруудыг ажилд нь эргүүлэн томилсон байдаг. Гэвч одоо болтол нэг ч хүн ажилдаа ороогүй, тэднийг аваагүй нь дэслэгч генерал хуулиас дээгүүр эрх мэдэл гаргаж буйг харуулав. Зарим байгууллагын удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсаныг шүүх тогтоон, ажилд нь буцаан авах шийдвэр гаргасны дараа шүүхийн шийдвэрийг хэрэгж үүлж байна гээд ажилд нь авмагцаа маргааш нь дахин халсан тохиолдол ч бий. Уг нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хуулийг бүгд л хүндэтгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой.
Хамгийн сүүлд гэхэд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Ганболдыг “сандал”-ын асуудлаас болж ажлаас нь халсан. Шүүх ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий. Харамсалтай нь шүүхийн шийдвэр өнөө болтол хэрэгжихгүй, Хууль зүйн яамыг толгойлж буй сайд нь хууль зөрчин сууж байна. Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтны халааснаас гаргуулах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа нь эндээс харагдана. Барууны оронд ялангуяа хууль эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн орнуудад Захиргааны ерөнхий хууль байдаг бөгөөд манайд ч энэ хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа. Энэ хууль батлагдвал магадгүй хууль хэрэгжүүлэхгүй байгаа удирдах албан тушаалтнуудын халааснаас хохирсон албан хаагчдын тэтгэмжийг гаргуулдаг болохоор зохицуулж буй гэсэн. Тэгвэл нам эвсэл, танил талаараа түрий барьж, жирийн алба хаагчдыг хоморголж халдаг зүй бус явдал эцэс болох юм.
Г.ОРЧЛОН