"Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан нарт холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцлээ. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлоор хэлэлцсэн шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нэлээд хэсэгт өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал, тус сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүхийг чанга дэглэмтэй хорих ангид найман жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөн жирийн дэглэмтэй ангид хорихоор боллоо. Түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзсан байна. “Цэвэр агаар” сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хуланг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд 50 сая төгрөгийн хөрөнгө хурааж, долоон жил хорих ял анхан шатны шүүх ногдуулсан юм.
Давж заалдах шатны шүүх хурлын үеэр прокурор нь долоон сартай хөл хүндтэйг нь харгалзан биеэр эдлэх ялыг нь хойшлуулах санал гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хорих ялыг нь хойшлуулж, улмаар улсад төлөх 4.1 тэрбум төгрөгийн 2.5 тэрбумыг нь гаргуулахаар болжээ. Харин “Тара” компанитай холбоотой 1.5 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэргийг өдгөө АТГ-т шалгаж буй хэрэгтэй нь хамтатган шалгах шаардлагатай гэж үзсэн байна. БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээд ял шийтгэхдээ анхан шатны шүүх алдаа гаргасан байсныг давж заалдах шатны шүүх зассанаар түүний биечлэн эдлэх ял долоон жил боллоо. Анхан шатны шүүх таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн юм.
Тус сангийн мэргэжилтэн Ц.Чимэд-Эрдэнэ, Үндэсний аудитын газрын аудитор Б.Даваабаатар нарыг давж заалдах шатны шүүх ялын зүйлчлэлийг өөрчлөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо. МХЕГ-ын Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Гэрэл, Б.Алтантуяа нарыг албан үүрэгтээ хайнга хандсан нь өөрсдийнх нь мэдүүлэг, бусад нотлох баримтаар батлагдсан гээд нэг жил хорих ял оноож, мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээжээ.
Г.ЦОЛМОН