Монгол Улсын стратегийн ордод багтсан Улааны холимог металлын ордыг ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” группийнхэн манай хэд хэдэн хуулийг зөрчиж, 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хууль хяналтын байгууллагынхан гурав дахь жилдээ шалгаж байна. Энэ хэрэгт холбогдуулж тус компанийн орлогч захирал, БНХАУ-ын иргэн Юү Лей, Жань Жи Фү, Ван Фу Жүн, Ван Шин Чиан, Вэй Юу Фү, Жан Хун Тао, зөвлөх Тиан Зи Лин, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга ӨМӨЗО-ы иргэн Х.Мөнхөө, орлогч Б.Чулуундорж болон Дорнод аймгийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫНХАН ЭНЭ ХЭРГЭЭР “ТОГЛОЖ” БАЙНА
“Шинь шинь”-ийнхэн Улааны ордод 247А гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан юм. 2009 онд УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль баталж, энэ хуулийн үйлчлэлийн дагуу дээрх лицензийг АМГ-ын бүртгэлээс хассан аж. Улмаар тус газраас 247А зөвшөөрөл хүчингүй болсон тухай “Шинь шинь”- ийн удирдлагад удаа дараа мэдэгдэж, шинээр тусгай зөвшөөрөл авахыг шаардаж, тухайн үеийн ЦЭГ-ын дарга С.Энхбат албан тоот илгээсэн ч хятадууд эл шаардлагыг үл ойшоож байв. Монгол Улсын стратегийн орд газрын хоёрдугаар хавсралтын 38-д байгаа энэ ордод хуулийн дагуу Цөмийн энергийн газраас цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах ёстой. Улааны ордод 1986 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, цацраг идэвхт ашигт малтмал болох ураны 270 кг нөөц байгааг урьдчилсан байдлаар тогтоожээ. Гэтэл “Шинь Шинь” компанийнхан 2009 онд Улааны орд газрын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахдаа цацраг идэвхт ашигт малтмал болох ураны нөөц байхгүй хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж.
Дээрхээс гадна хятадууд манайхныг хэд хэдэн аргаар хуурч, хийгээг үй ажлаа хийсэн мэтээр баримт бүрдүүлж, холбогдох яам, агентлагийнхныг хулхидсан байх юм. Тус компанийн эзэмшдэг Мухарын ордын талбайд 2009 онд нэг ч удаа хайгуул хийгээгүй аж. Гэтэл хайгуул хийсэн мэтээр баримт бүрдүүлж, Хаягдлын сан руу татсан хоолойныхоо буруу ухсан нүхийг хайгуулын малталт хийсэн гэж үзүүлэн залилсан байна. Үүнийгээ татварын тайландаа ажил хийсэн мэтээр тусгаж, татвараас зайлсхийжээ. Мөн тус компанийн үйлдвэрийн Хаягдлын сангийн орчмоос хаан хор гэгдэх хүнцэл их хэмжээгээр илэрсэн. Улааны орд газрын хөрс болон Хаягдлын сангаас авсан шинжилгээний дүнгээс үзэхэд хаан хорын хэмжээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартаас даруй 68.5 дахин их буюу онц аюултай зэрэглэлд багтсан юм байна.
Геологийн төв лабораторийн ЦЛ 2013/0250 дугаартай шинжилгээгээр уг дүн гарсан бөгөөд хүнцлийн хэмжээ 411 мг/кг байсан гэнэ. Хаягдлын сан нь цоорч, химийн онц аюултай хорт бодис газрын хөрс, гадаргын ба гүний ус зэргээр дамжин, байгаль орчин, мал, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаа нь өнөөдөр нүдэнд харагдахгүй ч хэдэн жилийн дараа Минаматагийн эмгэнэлт явдал Дорнод аймагт давтагдахыг үгүйсгэхгүй. Энэ мэт хууль бус үйлдэлд нь Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирлын хэмжээг шинжээчид 85 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөг хэмээн тогтоосон. Гэвч хяналт тавьж буй прокурорын байгууллагынхан энэ хэргээр “тоглож” байна гэхэд хилсдэхг үй. Хэргийг хэд хэдэн удаа түдгэлзүүлж, нэг бус удаа хэрэгсэхгүй болгосон юм. “Шинь шинь” компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг анх 2012 оны долдугаар сард прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн байцаах байгууллагынхан хятадуудыг хилээр гаргахгүй, шалгах шаардлагатай зүйлсийг нь шалгасны дараа явуулна гэж байтал тухайн үеийн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд удирдах албан тушаал хашиж байсан, өдгөө УЕПГ-т нэлээд дээгүүр албан тушаалд томилогдсон нэгэн мөрдөн байцаагчдыг дуудан “Хятадуудын хилийн хоригийг цуцлахгүй бол чамайг өөрийг чинь хорьж эрүүгийн хэрэг үүсгэнэ” хэмээн дарамталсан гэх мэдээлэл бий. Үүний дараа хятадууд нутаг буцсан түүхтэй.
“ИХ МУУ ХҮМҮҮС БАЙСАН УЧРААС АЖЛААС НЬ ХАЛСАН”
Хятадуудыг хилээр гарсны дараахан прокурорын байгууллагаас уг хэргийг сэргээн шалгах тогтоол гаргасан нь тун хачирхалтай. Ийнхүү сэргээн шалгаж байтал Уул уурхайн яамны Хуулийн хэлтсээс УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст хандан хүсэлт тавьжээ. Байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ огт биелүүлээгүй, газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөн, газрын хөрс, ус бохирдуулсан хэмээн эрүүгийн хэргийг нэгтгэн шалгаад өдгөө бүтэн жил болж буй. Харамсалтай нь хэрэгт холбогдогчид нь байхгүйгээс нэг хэсэг түдгэлзүүлсэн байснаа дахин сэргээн ажиллагаа явуулж эхэлсэн сурагтай. Тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь манай улсад ажиллаж, хууль зөрчиж байсан хүмүүсээ халж өөр хүмүүс томилсон гэх. Энэ тухайгаа хууль хяналтын байгууллагынханд “Өмнө нь эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүс их муу хүмүүс байсан. Тэднийг бид ажлаас нь халсан. Одоо хаана юу хийж явааг нь мэдэхгүй. Тиймээс энэ хэрэг бидэнд хамаагүй” гэж тайлбарласан сурагтай.
Хууль хяналтын байгууллагынхан уг хэрэгт холбогдон шалгуулж байсан БНХАУ-ын иргэдийг хаана байгааг тогтоолгохын тулд Интерполын үндэсний товчоонд хандахаар болсон гэнэ. Прокурорын байгууллагаас ч ийм чиглэл өгсөн юм байх. Прокурорын байгууллагынхан улсад учруулсан 110 тэрбум төгр өгийн хохирлыг төлүүлэлгүй өөрсд өө хэргийг хэрэгсэхгүй болгочихоод, эцэст нь тэрбум хүнтэй БНХАУ-аас дээрх есөн хүний хаана байгааг тогтоохыг шаардаж байгааг ойлгоход бэрх. Бидэнд ирсэн сүүлийн үеийн мэдээллээр УЕПГ-аас “Шинь шинь” компанийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг дахин хянахаар болсон гэх. Ингэж хянаад холбогдогчид нь байхгүй гэсэн үндэслэлээр хоёр жилийн өмнөх шигээ хэрэгсэхгүй болгохгүй гэх газаргүй.