Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж, хил давуулан ашиг олж буй хүмүүсийн ухвар мөчид үйлдлээс болж Монголын гэх зүйл хойч үед маань бараг үлдэхгүй нь. Харийнхан хялбар аргаар мөнгө олох гэсэн монголчуудыг ашиглан эртний эдлэл хулгайлуулдаг тухай яриа бий. Үүнийг баталсан хэд хэдэн тохиолдлыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэзуугаас алдагдсан долоон бурхан ч мөн ийм замаар харийнхны гарт орох гэж байсан гэх. Энэ яриа үнэн, эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох нь лавтай. 2011 оны хавар Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ганданзуу гэх бүтээлийг хятадуудын захиалгаар хулгайлахыг завдсан юм. Гэмт этгээдүүд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу хийдээс уг бүтээлийг хулгайлах гэж байгаад хэргээ бүтээж чадаагүй эвдэж орхисон бөгөөд буцах замдаа цагдаагийнханд баригдсан.
Хулгайлагдсан бурхдыг Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өглөө
Ганданзууг түүх, соёлын өв судлаачид “Өндөр гэгээн 1700-гаад оны үед зандан модоор углуургадаж хийсэн, хүрээ хийдийг дүрсэлсэн түүх соёлын хосгүй үнэт бүтээл. Монголд төдийгүй дэлхийд хосгүй эд. Үүнийг хулгайлахыг завдсан нь гаднынхан тэр дундаа хятадууд Монголын түүх, соёлыг өөрсдийн болгоод дараа нь Хятадын бүтээл гэж зарлах санаархал байх” гэж тухайн үед өгүүлж байсан. Уг бүтээлийг хулгайлахыг завдсан гурван хүн боломжтой цаг үеийг хүлээн Архангай аймгийн Хотонт сумын нутагт хоносон байдаг. Улмаар тус музейд орж шилэн хоргонд байсан Ганданзууг авах гэж байгаад нурааж, дохиолол дуугарахад нь зугтсан гэдэг. Гэмт этгээдүүд тэндээс гараад шөнөд өө Улаанбаатар руу явж байхад нь Булган аймгийн нутагт саатуулж, эд мөрийн баримт болгож хаалга хөшихдөө хэрэглэсэн царил, халив, мөн Эрдэнэзуу хийдийн байгууламжийн зураг зэргийг хураан авсан юм. 100-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх долоон бурхан хулгайлсан гурван залуу ч дээрхтэй адил аргаар ажиллажээ.
Бидэнд олдсон мэдээллээр уг хэргийг ах дүү Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар нэлээд эртнээс төлөвлөж үйлдсэн гэнэ. Тэд хэрэг үйлдэхээсээ 1-2 хоногийн өмнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт очиж, гэмт хэрэг үйлдэх таатай цагийг хүлээж суусан аж. Улсын дугааргүй автомашинтай, сэжигтэй гурван залууг нутгийн малчид малын хулгайч биш биз гэж сэрэмжлэн уулзахаар очсон ч нүүрээ нууж, тонгойчихоод байсан аж. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд цагдаагийнхан шаргуу ажилласны дүнд сэжигтэй хүмүүсийн унаж явсан машин, дүр төрхийг нь тогтоож чадсан байна. Улмаар Улаанбаатар руу уг машин энэ сарын 19-ний өглөө орсныг ч тогтоожээ.
Нарийвчилсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Таван шард Мөнхзулынх байдгийг тогтоож, тэнд үзлэг шалгалт хийж, долоон бурхныг гэртээ нуусан байсныг олж, бүрэн бүтнээр нь хураан авсан аж. Гурван сэжигтнийг хэн бэ гэдгийг өнгөрсөн ням гаригт тогтоосон ч нэгийг нь баривчлаагүй байсан. Түүнийг өчигдөр Улаанбаатараас баривчилан гурвууланг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар эх сурвалж хэллээ. Хэрэгтнүүд хэн нэгний захиалгаар бурхдыг хулгайлсан, эсэхийг тогтоохоор нарийвчилсан шалгалт хийж буй бөгөөд цагдаагийн байгууллагынхан одоогоор илүү мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэлсэн.
ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газраас өчигдөр 18.00 цагт дээрх долоон бурхныг бусад жижиг эд зүйлийн хамтаар Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ арга хэмжээнд ССАЖын сайд Ц.Оюунгэрэл, Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр хулгайч нарын авсан долоон бурхныг нэг бүрчлэн шалгаж, байсан бөгөөд Жүгдэрнамжил бурхан гэмтсэнийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Хулгайч нар гэмтээв үү, эсвэл “Эрдэнэзуу” музейд байхдаа гэмтсэн үү гэдгийг тогтоохоор ажиллана гэж бурхдыг хүлээн авч буй музейн ажилтнууд хэлж байлаа. Бурхдыг хил давуулалгүй олж илрүүлсэн цагдаагийн ажилтнуудад талархсанаа илэрхийлээд цаашид музейн хадгалалт хамгаалалтад анхаарч ажиллах, “Эрдэнэзуу” музейг улсын хамгаалалтад авах талаар арга хэмжээ авч ажиллахаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ярьсан юм.
Эрдэнэзуу хийдээс Өндөр гэгээний урласан Ганданзуу бүтээлийг хулгайлахыг завдсан залуус нь Улаанбаатар болон Дорноговь аймгийн харьяат байсан. Тэд цагдаагийнханд “Ахынхаа захиалгаар уг бүтээлийг хулгайлах гэж байсан юм. Ах “Чи энэ бүтээлийг аваад ирвэл хоёулаа 10 сая төгрөгтэй болно гэсэн” гэж мэдүүлжээ. Ах нь тэдэнд Эрдэнэзуу хийдийн зургийг өгөөд Далай ламын сүмийн байршлыг зааж, тэр дотор Ганданзуу байгааг хэлсэн аж. Түүний мэдүүлгийн дагуу ахыг нь саатуулж, шалгахад “Замын-Үүдэд амьдардаг БНХАУ-ын иргэн Бао надад “Эрдэнэзуу хийдийн Далай ламын сүм дотор байдаг Ганданзууг аваад ирвэл 10 сая төгрөг өгье” гээд Эрдэнэзуу хийд болон Далай ламын сүмийн байршлын зургийг өгсөн. Ингээд дүүдээ хэлэхэд хоёр найзтайгаа хамт Өвөрхангай явсан” гэж мэдүүлж байсан. Үүнээс үзэхэд уг долоон бурхныг хэн нэгний захиалгаар хулгайлахыг завдсан байхыг ч үгүйсгэхгүй.
Г.РАВЖАА