Монголчууд бид амин хувийн ашиг, амар хялбар аргаар мөнгө олох гэснээсээ бусдын өгөөш болж, сэтгэл санаа, эд зүйлээрээ хохирч байна. Дээрээс нь төрөөс гаргасан хуумгай хууль, журмаас болж татвараа төл өн амьдарч буй жирийн иргэн бидний мөнгийг “дээрэмдэн” хохироох болов. Үүний бэлхэн жишээ нь Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барагдуулах хууль. Хохирсон гээд байгаа 8000 гаруй хүний төлөө төр хууль гаргаж, дараа нь түүндээ Хууль зүйн яамнаас нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гарган батлууллаа. Татвар төлөгчид бид алийн болгон бэлэнчлэх сэтгэлтэн, анхиагүй малчин гээд байнга шахам тусламж, хандив авдаг хүмүүст “саалгуулж” суух вэ. “Зуданд нэрвэгдсэн хэцүү цагт хотынхон бидэнд тусалж байсан” гээд махаа хямд үнээр нийлүүлдэг бил үү, малчид.
Улс орны эдийн засаг хүндрээд, төсвийн байгууллага ажилчдынхаа цалинг ч тавьж хүчрэхгүйд хүрээд байгаа энэ цагт татвар төлөгч бидний мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулахгүй хэрнээ хадгаламж зээлийн хоршооны хохирогч нэртэй 8000 хүнд өгөх гэж хууль баталж, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь шударга явдал уу. Хоршооны хохирогчид нэртэй хэдэн хүн хавар болохоор л жагсаал цуглаан зохион байгуулдаг. Энэ хавар бас л жагсав. Тэд өлсгөлөн зарлана хэмээн Засгийн газрыг айлгаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөлтэй уулзаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, Хохирлыг эргэн төл өгдөх нөхцөлтэйгөөр барагдуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Улмаар АН-ынхны лообийгоор хуралд оролцсон гишүүдийн 71.9 хувийн саналаар нийт хүн амд хэрэггүй хуульд “ногоон гэрлээр” өөрчлөлт оруулчихаад байна.
Монгол Улс гурван сая хүнтэй гэж тооцвол түүний нэг хувьд ч хүрэхгүй хүн хадгаламж зээлийн хоршооны өндөр хүү, иргэдийн тархийг угаасан санхүүгийн залилан мэхлэгчдэд хууртагдсан нь одоогоос найман жилийн өмнө. Татвар төлөгч бид буяны байгууллагын эзэн биш шүү дээ. УИХ ийм балай, хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хууль баталж байхынхаа оронд сургууль, цэцэрлэг барих царцаасан тендерүүддээ хөрөнгө оруулж баймаарсан. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын мөнгийг төр барагдуулах ёсгүй. Төр ч юу байхав дээ, татвар төлөгч бидний мөнгө л тэдний халаас руу орж байгааг дахин дахин онцолъё. Эдийн засгаа унагаж, ард түмний амьдрал доройтчихоод байхад жирийн иргэн, татвар төлөгч бид хүний өмнөөс мөнгө төлмөөргүй байна. Засгийн газар олон тэрбумын өрийн бичгээр олж авсан мөнгөө ч үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа. Тийм л их багтаж ядсан мөнгө байгаа юм бол цэцэрлэг, сургууль, эмнэлэг барь л даа. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хэмээх хэдхэн хүн хувийн ашиг сонирхол, шуналдаа дөрлүүлж алдсан мөнгөө төрөөс өдөр шөнөгүй нэхсээр гаргуулж чадаж байна. Өөрсдийнхөө дурандаа очиж, хадгаламж зээлийн хоршооны эзэд хэмээх луйварчдад мөнг өө алдчихаад хөдөлмөрөөрөө амьдрах гэж яваа хүмүүсийн татварын мөнгөнөөс хумсалж байгааг юу гэж ойлгох вэ.
Хадгаламж зээлийн хоршоо олноор дампуурч байсан 2006 онд 30-аад хоршоо “модоо барьж”, эзэд нь “дээлээ нөмөрсөн”. Өдгөө тэднээс нэлээд нь наранд гарч, зарим нь мөрдөн байцаах болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хөрөнгийн маргаан хийж яваа сурагтай. Хадгаламж зээлийн хоршоод олноор дампуурч, 8000 гаруй хүний цөөн хэд нь үүгээр улстөрийн шоу хийсний дүнд 2007 онд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль, журам батлуулан бодит хохирлын 50 хувийг төрөөс олгох ажлыг 2007 оны арваннэгд үгээр сараас эхлүүлсэн. Тухайн үед шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хадгаламж зээлийн 26 хоршооны 8301 хохирогчид холбогдох 72.4 тэрбум төгрөгийн төлбөртэй шийдвэр гүйцэтгэх хуудсыг ШШГЕГ-ын дэргэд байгуулсан Хадгаламж зээлийн хоршооны төлб өр барагдуулах ажлын албаныхан шүүхээс хүлээн авсан аж. 2007 онд 33 тэрбум, 2010 онд 2.1 тэрбум гээд нийт 35.1 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас шилжүүлсэн байна. Уг мөнгөөр 7290 хохирогчидтой гэрээ байгуулж, хохирлыг нь барагдуулжээ.
Үнэн хэрэгтээ хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан гэх хүмүүс яадгаа алдсан ядуу амьдралтай, эмзэг давхаргынхан байгаагүй гэдэг. Хохирсон хүмүүсийн нэлээд нь гайгүй ажил эрхэлж, боломжийн амьдардаг, үр хүүхэд нь гадаадад сурч, ажилладаг, 2-3 орон сууцтай, зуслангийн байшинтай, зарим нь бизнес эрхлэгч байсан гэсэн судалгаа холбогдох байгууллагад бий. Хоршооны хохирогчид харин жагсаал цуглаан хийх үеэрээ “Түрээсийн байранд бор хоног өнгөрөөж, өлөн зэлмүүн амьдарч байна” хэмээн матрын нулимс унагаж, “шоуддаг”- ийг ч таньдаг нэг нь зурагтаар үзээд шоолж байхтай таарч байв. Тэд бол богино хугацаанд ахиу мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдсөн. Тэгээд яахаараа амьдрах гэж зүтгэж байгаа жирийн бидний халаас руу улстөрчидтэй нийлээд гар дүрээд байгаа юм бэ. Тиймээс шуналаасаа болж хохирсон хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөө би татвар төлмөөргүй байна. Шуналтнуудтай үгсэж, татвар төлөгч бидний халааснаас мөнгө суйлж байгаа улст өрчдийн баталсан хуулийг цуцлуулахын төлөө тэмцэл өрнүүлэхэд болохгүй газаргүй шүү дээ.