Нийгмийн даатгалын сан гэх их мөнгөний уурхайг дээр доргүй ашиглаж, иргэдийн төлсөн мөнгийг хувьдаа завших явдал гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд хуурамч бичиг баримтаар тус сангийн хөрөнгөөс завшиж байсан, бусдаас шан харамж авсан гэх хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэв. Уг хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.
Энэ талаар Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын албаны хүн “ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хэд хэдэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлсний дагуу Цагдаагийн I хэлтэст мөрдөж эхэлсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн хүмүүст тахир дутуугийн тэтгэвэр тогтоодог байсан. Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авч байжээ. Тэдний энэ хууль бус үйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэвэрийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна” гэлээ.
Г.РАВЖАА