Монголын үнэт чулууг хятадууд нутгийн иргэдээр түүлгэж, хил давуулж худалдан авдаг. Манайхан ч төрөл бүрийн чулууг хятадуудад хүргэж өгөн, баялгаа зүгээр шахам харийнханд худалдаж буй. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтоор нүүрс тээвэрлэдэг ачааны машинд 620 кг байгалийн чулуу хил давуулах гэж байсныг хилийн 0131 дүгээр ангийн хилчид илрүүлжээ. Энэ явдлаас яг нэг сарын өмнө Шивээхүрэнгийн боомтоор мөн л нүүрсэн дор 200 гаруй кг үзмэн маныг Өвөрхангай аймгийн иргэд хил давуулах гэж байгаад баригдсан юм.