Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдэд шинээр томилогдсон 20 шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол өчигдөр боллоо. Энэ арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаныхан болон бүтцийн нэгжийн дарга нар, албан хаагчаас гадна Налайх, Бага нуур дүүрэг, 21 аймгийн шүүхийн шүүгчид онлайнаар оролцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Монгол Улс эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг эн чацуу хийж яваа. Улс төрийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн шинэчлэлийг зайлшгүй хийдэг. Хууль, шүүхийн шинэчлэл 1992 онд эхэлж нэлээд завсарласны эцэст таван жилийн өмнө хоёр дахь давалгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүлсэн. Шүүх эрх мэдлийн ганц хуультай байсан бол шинэчлэлийн хүрээнд багц хууль баталж, эрх зүйн цогц орчинтой боллоо. Шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагааг чиг үүргийнх нь дагуу хуваасан. Одоо шүүхийн цөм болсон хүний нөөцийн шинэчлэл хийж байна. Нэг нь гомдож нөгөө нь баярладаг энэ шинэчлэлийн эхний үр дүн гарлаа. Ерөнхийлөгчийн зарлиг гардаж авсан та бүгд хүний эрх, шударга ёсны манаанд бат зогсож чадна гэдэгт итгэж байна” гэсэн юм. Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Шүүгчийг “ярьдаг хууль” гэдэг. Шүүгч, иргэн гээд хэн ч хуулийн дор ажиллана. Та бүхэн дор бүрнээ мэдлэг, чадвараа дайчлан, ажил үүргээ сайн гүйцэтгээрэй” гэв.