Орон сууцны талбайн хэмжээ нь дутаж, гурван тэрбум орчим төгрөгөөр хохирсон 560 гаруй иргэн ШӨХТГ-т ханджээ. Одоогийн байдлаар барилгын компаниуд иргэдийн нэг тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулаад байгаа гэнэ. Харин иргэдэд хамгийн их буюу 1.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Тайгам Алтай”, “Тектоник” зэрэг компани буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийн хохирлыг барагдуулахгүй байгаа. Иймээс эдгээр компанийг ШӨХТГ тус бүр 10 сая төгрөгөөр торгосон. Тэгвэл ногдуулсан торгуулийг нь шүүх хүчингүй болгожээ. Энэ талаар ШӨХТГ ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар “Эдгээр компани улсын байцаагчийн тавьсан торгуулийг төлөхгүй гэж шүүхэд хандсан. Хан-Уул дүүргийн Шүүх болон Захиргааны хэргийн шүүхээс компаниудыг торгох шаардлагыг эхэндээ баталгаажуулсан ч, дараа нь хүчингүй болгосон. Иймээс бид Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, нэр бүхий шүүгчдийг шалгуулна” гэсэн юм.