Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутгаар дамжин улсын хил давахыг завдсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Туяагийн Баттулга гэх эрийг хилчид саатууллаа. Хилийн тагнуулын албаныханд энэ хүн улсын хил давж болзошгүй байгаа тухай мэдээлэл ирсэн байна. Тэрбээр хилийн бүсэд орж, улсын хилд нэлээд ойртоод байхад нь баривчилжээ. Гэмт этгээд тухайн үед галт зэвсэгтэй байжээ. Тэрбээр өмнө нь хулгайн хэргээр найман жилийн хорих ял шийтгүүлснээс хагасыг нь биеэр эдлэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан аж. Мөн 2012 онд мотоцикль хөлөглөн хэд хэдэн айл дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэн, шалгуулж байсан гэнэ. Түүнийг хууль хяналтын байгууллагынхан уг нь цагдан хориод байсан ч хорих хугацаа нь дууссан учир батлан даалтаар сулласан юм байна. Гэвч Т.Баттулга мөрдөн байцаалтаас оргож, орон даяар эрэн сурвалжлагдаж байжээ. Хилчид түүнийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хуяглан хүргэсэн гэнэ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албаны хүнээс тодруулахад “Т.Баттулгад холбогдох хэргийг шалгаж, оргон зайлж явахдаа гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг тодруулахаар ажиллаж байна” гэлээ. Түүний үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн Хөвсгөл, эсвэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгах гэнэ.