“Тэнгис” кино театрын дэргэд барьж буй 15 давхар барилгаас тулгуур төмөр унаж, хүний амь нас хохироосон хэрэг 2012 оны есдүгээр сарын 12-нд гарсан. Тухайн үед хохирогч Ч чихэвчний хөгжим сонсож явсан бөгөөд хүмүүсийн хашгирахыг сонсолгүй, золгүй явдлын хохирогч болсон юм. Энэ хэрэгт холбогдуулж барилгын гүйцэтгэгч компанийн удирдлага Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И Сан Чол нарт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн нэлээд удаан хугацаанд шалгасан.
Улмаар Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнх дээрх хүмүүст аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр өнгөрсөн сарын 6-нд яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийн шүүгч Д.Цогтсайхан өнгөрсөн мягмар гаригт уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Т.Батбилэг, И Сан Чол нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.8 сая төгрөгөөр торгох, М.Цогтгэрэлд хоёр жилийн хорих ял ногдуулж, түүнийгээ нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Шүүх дээрх хүмүүсийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэрэг байдлыг харгалзан дээрх ялыг оноосон гэнэ. Шүүгдэгч Т.Батбилэг нь барилгын гүйцэтгэгч компани “Модун спейшл” ХХК-ийн захирал, М.Цогтгэрэл нь хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер юм байна.
Г.ОРЧЛОН