Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан өдгөө “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирлын алба хашиж буй Т.Ганболдыг хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьж байгаад батлан даалтад гаргажээ. Зарим эх сурвалж түүнийг 14 хоног цагдан хоригдсон гэж буй бол, 2-3 хоног саатуулагдсан гэж ярих ч хүн байсан.
Түүнийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй хамтарч хуурамч батлан даалтын гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцсон юм байна. “Жаст”-ын Ш.Батхүү АНУ-ын нэгэн банкнаас 10 сая ам.доллар зээлэхдээ Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг батлан даагч болгосон бөгөөд түүнд нь итгэсэн АНУ-ын банк хүссэн зээлийг нь олгосон гэнэ. Уг зээл нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар орж ирсэн өдөр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү авчээ. Үүнтэй холбоотойгоор Т.Ганболдыг шалгахаар болсон бөгөөд мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирээгүй учраас хууль хяналтын байгууллагынхан цагдан хорьсон юм байна.
Г.РАВЖАА